Олон улсын “Транспаренси Интернэшнл” байгууллагаас жил бүр улс орнуудыг авилгад өртсөн байдлаар нь эрэмбэлдэг. Тус байгууллагаас 2021 оны “Авлигын төсөөллийн индекс”-ийг танилцууллаа.
Энэ жил “Транспаренси Интернэшнл” байгууллага улс орнуудын сүүлийн арван жилийн авлигын индексийг харьцуулан гаргасан байна. Судалгаагаар манай улс 110-т жагссан нь өнгөрсөн жилийнхээс нэг байраар дэвшсэн, харин 2019 оныхоос таван байраар ухарсан үзүүлэлт юм. 2015 онд хамгийн дээд оноо буюу 39 оноо авч байжээ. Сүүлийн гурван жил дараалан 35 оноотой байна.
2021 онд нийт улс орнын 70 гаруй хувь нь 50-иас доош оноо авсан байна. Харин ази номхон далайн бүс нутгийн улсуудын 77 хувийн оноо нь буурсан дүр зураг харагдаж байгаа талаар албаныхан онцоллоо.
“Транспаренси Интернэшнл” олон улсын байгууллагаас иргэний эрх чөлөөг зөрчдөг улс орнуудын авлигын индекс тогтмол доогуур оноо авсан байгааг тогтоосон байна. Харин БНХАУ 2014 оноос хойш есөн оноогоор нэмэгдүүлж, авлигатай тэмцэж байна. Зөвхөн БНХАУ бус дэлхий дахинд сүүлийн арван жилийн хугацаанд дэлхийн ихэнх улс авлигын эсрэг эрчимтэй тэмцэж байгаа талаар “Транспаренси Интернэшнл” байгууллагын төлөөлөл онцоллоо. Тус байгууллагын ТУЗ-ын дарга Дэла Фэрраира Рубио 2021 оны авлигын төсөөллийг индексийг дүгнэж хэлэхдээ “Эрх мэдэлтнүүдийн хандлага нь бие даасан хяналт, тэнцвэрийг үгүй хийж, авлигатай тэмцэх ажлыг элитүүдийн хүсэлтээс хамааралтай болгодог” гэжээ.
Авлигын төсөөллийн индексийг 1995 оноос хойш тооцоолон гаргаж байгаа. Ингэхдээ 3-16 эх сурвалжийг ашигладаг аж. Өнгөрсөн жил цар тахлын улмаас 12 эх сурвалж ашигласан байна. Харин манай улс хамгийн ихдээ есөн эх сурвалж ашигладаг бол өнгөрсөн жил найман эх сурвалж ашиглажээ.
Авлигын индексээр улсын төсвийн мөнгийг зориулалтын дагуу ашиглаж буй эсэхийг болон төрийн нийтийн алба хаагч албан тушаалаа урвуулан ашиглаж байгаа үгүйг үнэлдэг. Түүнчлэн хүнд суртал, төрийн алба хаагчдын ур чадвар, сонгон шалгаруулалт, авлигын хэрэгт холбогдсон төрийн алба хаагчид ямар хариуцлага хүлээж байгааг харгалздаг юм.