Монгол Улс Цөмийн зэвсгийг хориглох тухай гэрээнд 2021 оны арванхоёрдугаар сарын 10-ны өдөр нэгдэн орсноор уг гэрээнд нэгдсэн 57 дахь орон болжээ. Энэ талаар Icanw (“Цөмийн зэвсгийг устгах олон улсын кампанит ажил” олон улсын төрийн бус байгууллагуудын эвсэл) мэдээлэв.
Монгол Улсын Гадаад хэргийн сайд Б.Батцэцэг аравдугаар сард парламентын чуулганы үеэр “Энэхүү гэрээнд нэгдэх нь үндэсний аюулгүй байдлын язгуур ашиг сонирхлыг хангана” гэж хэлсэн юм.
Icanw мэдээлэхдээ “Энэ оны есдүгээр сард НҮБ-ын Ерөнхий Ассамблейн чуулганы үеэр Монгол Улс нь Цөмийн зэвсгийг хориглох тухай гэрээнд нэгдэх нь хор хөнөөлтэй зэвсгийг хориглох олон улсын хүчин чармайлтад чухал ач холбогдолтой болохыг онцлоод, энэхүү гэрээ нь цөмийн зэвсгээс ангижрахад тус дөхөм болно гэдгийг тэмдэглэсэн юм” гэжээ.
Монгол Улс нутаг дэвсгэрээ цөмийн зэвсэггүй статус хэмээн 1992 онд НҮБ-ын Ерөнхий Ассамблейн 47 дугаар чуулганы үеэр зарласан. Өнгөрсөн 29 жилийн хугацаанд статусаа эрх зүйн үндэстэй болгон баталгаажуулахад чиглэсэн бодлого, үйл ажиллагаа явуулж ирсэн билээ.
Тухайлбал, “Монгол Улсын олон улсын аюулгүй байдал, цөмийн зэвсэггүй статус”-ын тухай тогтоолыг анх 1998 онд НҮБ-ын Ерөнхий Ассамблейн 53 дугаар чуулганаар батлуулсан. Үүнээс хойших хугацаанд НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн даргаас тогтоолын хэрэгжилтийн талаар илтгэл гаргаж, тогтоолыг хоёр жил тутам батлуулсаар ирсэн.
Мөн НҮБ-ын Аюулгүйн Зөвлөлийн байнгын таван гишүүн Монгол Улсын цөмийн зэвсэггүй статустай холбогдуулан 2000 оны аравдугаар сард Хамтарсан мэдэгдэл гаргаж, тус статуст баталгаа олгосон Хамтарсан тунхаглалд 2012 онд гарын үсэг зурсан.
Цөмийн зэвсгийг үл дэлгэрүүлэх тухай (Treaty on the non-proliferation of the nuclear weapons-1968) гэрээг Монгол Улс 1969 онд, Цөмийн туршилтыг бүрэн хориглох тухай (Comprehensive Nuclear-Test-Ban Treaty-1996) гэрээг 1997 онд тус тус соёрхон баталсан билээ.
Улмаар цөмийн зэвсэггүй статусаа тодорхойлон бататгасан дотоодын эрх зүйн акт гаргах шаардлага гарч ирсэн бөгөөд 2000 онд Монгол Улсын Их Хурал Цөмийн зэвсгээс ангид байх тухай хууль, түүнтэй холбогдуулан авах арга хэмжээний тухай 19 дүгээр тогтоолыг, 2015 онд Монгол Улсын цөмийн зэвсгээс ангид байх статусыг шинэ түвшинд гаргах тухай 60 дугаар тогтоолыг батласан.
Цөмийн зэвсгийг хориглох тухай гэрээ байгуулах асуудлаарх НҮБ-ын Ерөнхий Ассамблейн A/RES/71/258 тоот тогтоолыг 2016 оны арванхоёрдугаар сарын 23-ны өдрийн бүгд хуралдаанаар санал хураалт (128/29/18)-аар баталсан.
Уг гэрээнд 2021 оны тавдугаар сарын байдлаар 86 улс гарын үсэг зурсан, 54 улс соёрхон баталсан, эсхүл нэгдэн орсон байна.
Өнгөрсөн аравдугаар сард УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар Цөмийн гэрээг хориглох тухай гэрээг соёрхон баталсан билээ.