АНУ-ын Мянганы сорилтын корпорац (МСК)-ын Хүн худалдаалахтай тэмцэх шинэчлэгдсэн бодлогыг олон нийтэд танилцуулах уулзалтыг Монголын Мянганы сорилтын сан (Монголын МСС) болон АНУ-ын Мянганы сорилтын корпорац (МСК)-аас зохион байгууллаа.
МСК нь 2021 оны аравдугаар сарын 18-нд Хүн худалдаалахтай тэмцэх шинэчлэгдсэн бодлогыг баталсан. Уг бодлого нь Компакт гэрээний хүрээнд хэрэгжиж буй дэд бүтцийн төслүүдийн загварыг боловсруулахаас эхлээд барилгын ажил дуустал Монголын МСС болон түүний гэрээт гүйцэтгэгчдийн хүн худалдаалах гэмт хэргийг үл тэвчих хүчин чармайлтыг бататгаж удирдан чиглүүлэх юм.
Сүүлийн 30 хүрэхгүй жилийн хугацаанд Улаанбаатар хотын хүн ам бараг гурав дахин нэмэгдсэн боловч усан хангамж нэмэгдээгүй байгаа нь усны ноцтой хямралд орох нөхцөлийг бүрдүүлж байна. МСК-ын Монгол дахь усны компакт гэрээ нь энэхүү хязгаарлагдмал байгалийн нөөцийг хадгалахад шаардлагатай чухал дэд бүтцийг бий болгож, Монгол Улсын хүн амын 55 гаруй хувьд эергээр нөлөөлж урт хугацааны тогтвортой байдлыг нэмэгдүүлэх болно.
Мөн хүн худалдаалахтай тэмцэх шинэчлэгдсэн бодлогод бэлгийн мөлжлөгийн зорилгоор хүн худалдаалах болон албадан хөдөлмөр эрхлүүлэх талаар тусгайлан заасан бөгөөд хэрэгжүүлэх нийцлийн шаардлагыг бодлогын амин хэсэг болгосон юм. МСК-ын Компакт гэрээний үйл ажиллагаа хариуцсан Дэд Ерөнхийлөгч Фатима Сумар “МСК-ын санхүүжилттэй төсөл, хөтөлбөрт бүх оролцогчид ямар үүрэг хүлээх ёстойг нийцлийн шаардлагын дагуу тодорхой зааж өгснөөр бодлого хэрэгжүүлэх бидний хүчин чармайлтад эергээр нөлөөлнө гэсэн хүлээлттэй байна” гэж хэллээ.
АНУ-ын Элчин сайдын яамны Дэд тэргүүн Грегори Мэй уулзалтын үеэр “АНУ-ын Засгийн газрын хүн худалдаалахтай тэмцэх өргөн хүрээний ажилд уг бодлого нийцэхээс гадна Монгол Улсын Засгийн газрын хүн худалдаалахтай тэмцэх ажлуудыг бататгаж байна” гэж цохон тэмдэглэлээ. Төрийн Департаментаас гаргадаг 2021 оны Хүн наймаалах асуудлын төлөв байдлын тухай тайланд “Монгол Улсын Засгийн газар өмнөх жилийн тайлант хугацаатай харьцуулахад хүн худалдаалах гэмт хэргийг таслан зогсооход өөрөөс гаргах ерөнхий хүчин чармайлтаа нэмэгдүүлсэн” гэсэн байна.