Өвөл цагийн адуу маллах эртний нүүдэлчин өв соёлыг дэлхийд таниулах зорилготой “Талын түмэн адуу” арга хэмжээ Хэнтий аймгийн Батноров суманд зургаа дахь жилдээ зохион байгуулагдлаа.
Адуунд ирмэг монгол залуусын омогшил, бахархал болсон “Талын түмэн адуу” арга хэмжээнд 14 аймгийн адуучид оролцсоноос хамгийн хол нь Увс аймгийн Сагил сумаас зорин ирсэн бол “Сайхан хос”-ын тэмцээнд Дорнод аймгаас 10 хос ирж, оролцон олны нүдийг баясгаж онцгойрчээ.
Адуу дагасан зан заншлыг түгээх, сурталчлан өвлүүлэх, соёл, нийгмийн ач холбогдолтой энэхүү арга хэмжээг гурван өдрийн турш 5,000 гаруй зочин, жуулчин, гэрэл зурагчид үзэж сонирхсон байна.