УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар “УБТЗ” хувь нийлүүлсэн нийгэмлэгийн талаар авах арга хэмжээний тухай УИХ-ын тогтоолын төслийн анхны хэлэлцүүлгийг хийлээ.
Уг тогтоолын төсөлд:
1. Монгол-Оросын хувь нийлүүлсэн “Улаанбаатар төмөр зам” нийгэмлэгийн дүрмийн сангийн Монголын талын хувь хэмжээг 83.673.494.098 (наян гурван тэрбум зургаан зуун далан гурван сая дөрвөн зуун ерэн дөрвөн мянга ерэн найм) төгрөгөөр, Оросын талын хувь хэмжээг ижил хэмжээгээр нэмэгдүүлэх асуудлаар Оросын талтай хэлэлцээ хийхийг Засгийн газар /Л.Оюун-Эрдэнэ/-д даалгасугай,
2. “Улаанбаатар төмөр зам” ХНН-ийн дүрмийн санг нэмэгдүүлэхэд Монголын талаас шаардагдах хөрөнгийн эх үүсвэрийг төмөр замын тээврийг сэргээн сайжруулахад зориулан “Японы Олон улсын хамтын ажиллагааны банк”-наас тус нийгэмлэгт олгосон “МОН-П1”, “МОН-П2” дугаартай хөнгөлөлттэй зээлийн үндсэн төлбөрийн авлагаас шилжүүлэн тооцох замаар бүрдүүлэхийг Засгийн газар /Л.Оюун-Эрдэнэ/-д зөвшөөрсүгэй.
3. “Улаанбаатар төмөр зам” ХНН-ийн дүрмийн санг нэмэгдүүлэх асуудлыг Оросын талтай тохиролцсон тохиолдолд тус нийгэмлэгт олгосон “МОН-П1”, “МОН-П2” зээлийн үлдэгдлийг “Монголбанк”-ны 2020 оны 1 дүгээр сарын 1-ний өдрийн албан ханшаар төгрөгт шилжүүлж, уг өдрөөс хойш тооцогдсон хүү, алдангийн төлбөрийг чөлөөлж, дүрмийн санг нэмэгдүүлэхээс бусад зээлийн үлдэгдэл төлбөрийг “Японы Олон улсын хамтын ажиллагааны банк”-нд төлөх хуваарьтай уялдуулан 2021-2025 онд багтаан төлүүлэх арга хэмжээ авахыг Засгийн газар /Л.Оюун-Эрдэнэ/-д даалгасугай гэж заажээ. Тогтоолын төслийг анхны хэлэлцүүлгээр эцэслэн баталлаа.