Энэтхэг Улсын Гадаад харилцааны Төрийн сайд Др.Ражкумар Ранжан Сингх энэ 11 дүгээр сарын 23-26-ны өдрүүдэд Монгол Улсад ажлын айлчлал хийж байна.
Өнөөдөр Гадаад харилцааны дэд сайд Б.Мөнхжин Энэтхэг Улсын Гадаад харилцааны Төрийн сайд Др.Ражкумар Ранжан Сингх нар албан ёсны хэлэлцээ хийж, Монгол, Энэтхэгийн Стратегийн түншлэлийг улам бэхжүүлж, хоёр талаас хамтран хэрэгжүүлж буй төслүүдийн хэрэгжилтийг дүгнэж, ойрын жилүүдэд хөгжүүлэх хамтын ажиллагааны чиглэлүүдийг харилцан нотлов.
Мөн улс төр, аюулгүй байдал, худалдаа, эдийн засаг, шинжлэх ухаан, техник, боловсрол, соёлын хамтын ажиллагааны талаар дэлгэрэнгүй ярилцаж, харилцан сонирхсон олон улс, бүс нутгийн асуудлуудаар санал солилцлоо.
Монгол, Энэтхэгийн Стратегийн түншлэлийн хамтын ажиллагааны бэлгэ тэмдэг болсон Газрын тосны үйлдвэрийн төслийг амжилттай хэрэгжүүлэх, Энэтхэг Улсад коксжих нүүрс зэрэг уул уурхайн зарим бараа бүтээгдэхүүнийг экспортлох туршилтын тээвэрлэлтийг хийх чиглэлд үргэлжлүүлэн нягт хамтран ажиллахаар тохиров.
Айлчлалын хүрээнд Төрийн сайд Др.Ражкумар Ранжан Сингх тэргүүтэй төлөөлөгчид манай төр, засгийн удирдлагад бараалхан, Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг, Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайд Г.Ёндон нартай уулзахаар төлөвлөж байна.
Эх сурвалж: ГХЯ