Засгийн газрын хуралдаанаас гарсан шийдвэрийг танилцуулах үеэр Эрүүл мэндийн сайд С.Энхболд сэтгүүлчдийн асуултад хариуллаа.

-Дархлаа сэргээх нэмэлт тунг 50 хувьд хүргэнэ гэдэг нь хэчнээн хүнийг хамруулна гэсэн үг вэ?

-Манай улсад 18-аас дээш насны 2,167,00 хүн байдаг. Эдгээр хүний 50 хувь гэсэн үг.

-Завхан аймгийн эмнэлгийн асуудал яригдаж байна. Хариуцлага тооцох уу?

-Энэ мэдээллээр тодруулга авахуулахаар холбогдох эрүүл мэндийн байгууллагын тусламжийн газарт үүрэг өгсөн. Одоогоор мэдээлэл ирээгүй байна.

-Өдөрт таван мянган хүнийг дархлаажуулж байгаа гэсэн мэдээллийг яамнаас өгч байгаа. Энэ тооцооллоор хэдийд хүн амынхаа 50 хувийг дархлаа сэргээх нэмэлт тунд хамруулж дуусгах вэ? Дархлаажуулах цэгүүдэд хяналт тавьж чадаж байгаа юу?

-Өмнө нь дунджаар 4,000 орчим хүн вакцинжуулалтад хамрагддаг байсан. Одоогоор дархлаажуулалт идэвхжиж өдөрт дунджаар 10,000 хүн хамрагдаж байна. Энэ эрчээрээ явбал арванхоёрдугаар сард багтаж 50 хувьд хүрнэ гэсэн тооцоолол бий. Өнөөдрийн байдлаар вакцинжуулалтын 108 цэг ажиллаж байгаа. Суурин 47 цэг байгаа бөгөөд бусад нь явуулын цэг. Тухайн цэгүүдэд тогтмол хяналт тавьж байгаа.

-Хүүхдэд хэзээнээс вакцин хийх вэ?

-БНХАУ, АНУ, Канад гурваас дээш насны хүүхдүүдээ вакцинжуулж эхэлсэн. Манай улс судалж байна.

– Хөдөлмөрийн насны иргэдээ дархлаажуулалтад хамруулахын тулд ямар ажил хийж байна вэ?

-100-аас дээш ажилтантай албан байгууллагуудад явуулын баг ажиллуулж байгаа. Мөн төмөр зам дагуух аж ахуйн нэгж байгууллагын ажилчдад явуулын баг үйлчилгээ үзүүлж байгаа.

-Дархлаажуултын цэгт ажиллаж байгаа ажилчид гүйцэтгэлээр цалинжиж байгаа юу?

-Дархлаажуулалтын цэгт ажиллаж буй хүмүүс үндсэн цалингаа авч байгаа. Вакцинжуулалтын нэг хатгалт болгонд таван мянган төгрөг гэсэн Эрүүл мэндийн сайд болон Сангийн сайдын хамтарсан тушаал байдаг. Энэхүү тушаалыг мөн санхүүжүүлж байгаа. Урамшуулал болж очдог.

By updown

Хариулт үлдээнэ үү

Таны имэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг * гэж тэмдэглэсэн