Монгол, Хятадын хэвлэл мэдээллийн 12 дугаар форум өнөөдөр болж байна.
Форумыг УИХ-ын гишүүн, Гадаад харилцааны сайд асан Д.Цогтбаатар, Хятадын Төрийн зөвлөлийн орлогч сайд, Хэвлэл мэдээллийн албаны дарга Шюй Лин нар нээж, Монгол Улсын Их Хурлын дарга Г.Занданшатар, Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ нар мэндчилгээ ирүүлж, хоёр орны хэвлэл мэдээллийн хамтын ажиллагаанд амжилт хүслээ.
МСНЭ болон Бүх Хятадын сэтгүүлчдийн холбоо, ӨМӨЗО-ны Ардын Засгийн газрын хэвлэл мэдээллийн алба хамтран хэвлэл мэдээллийн форумыг хоёр талд жил бүр ээлжлэн зохион байгуулж ирсэн нь тасралтгүй 12 дахь жилдээ ажиллаж буй хамтын ажиллагааны механизм болж хэлбэршлээ.
Энэ удаагийн форумын үеэр хоёр орны хэвлэл мэдээллийн хэрэгслүүд, манайхаас тухайлбал, Khovd.Mn сайт, Өвөрхангай аймгийн Хас телевиз, UBS, Боловсрол суваг ТВ мэдээлэл, контент солилцох хамтын ажиллагааны гэрээг байгууллаа.
Хятад улс сүүлийн жилүүдэд гадаад сурталчилгааны суваг хөгжүүлэх, хөршдөө төдийгүй бусад соёл иргэншил, улс орнуудад өөрсдийгөө ойлгуулан таниулах талаар шаргуу ажиллаж байгаа. Монголд Хятадын талаарх мэдээ мэдээлэл олширохын хэрээр нийгмийн сүлжээний платформууд дээр Хятадын гадаад сурталчилгаа, мэдээллийн монгол хэлээрх сувгууд ч нэмэгдэж байна. Монгол Улс хэвлэлийн эрх чөлөөтэй, хэвлэлийн агуулгад төрийн хяналтгүй, онлайн эрх чөлөө, интернэтийн хэрэглээ өндөртэй улс. Энэ байдал мэдээллийн орон зайд асар их боломжийг бүрдүүлж өгч байгаа юм.