Дипломат албан гадаад паспорт олгох, эзэмших, хадгалах журмыг өнгөрсөн жил Засгийн газрын тогтоолоор шинэчлэн баталсан.
Шинэчилсэн журмаар хариуцлагыг нэмэгдүүлэх, олгох шалгуурыг өндөрсгөж, паспортын хадгалалт, ашиглалтад онцгой анхаарч олон зохицуулалт тусгасан байна. Тухайлбал, зөвхөн албан ажлын шугамаар дипломат паспорттой зорчих, энэ тухай нотлох баримтыг Монгол Улсын болон гадаад улсын хилийн боомтод шалгуулах, паспорт эзэмшигч албан хаагч томилолтоор ажиллаад Монгол Улсын хилээр орж ирэхдээ хилийн боомтод паспортыг хураан авч, Гадаад харилцааны яаманд хүргүүлдэг болжээ.
Ингэснээр хураан авсан паспортыг тусгай журмын дагуу хадгалж, паспорт эзэмшигч төрийн албан хаагч томилолтоор ажиллах тухай бүрд харьяа байгууллагын хүсэлтийг үндэслэн Гадаад харилцааны яамнаас түр олгодог болсон байна.
Хэрвээ хилийн боомтод дипломат албан паспорт хураалгахаас татгалзвал дахин олгохгүй байхаар зохицуулалт хийгджээ.
Дипломат албан гадаад паспортын ашиглалт, хадгалалтад хяналт тавих үйл ажиллагааг чангатгах чиглэлээр Гадаад харилцааны үе шаттай арга хэмжээ авч байгаа талаар Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг мэдээллээ.
Мөн “Засгийн газрын тогтоолыг үндэслэн ажлаасаа халагдсан, чөлөөлөгдсөн, өөр албанд шилжсэн албан тушаалтнуудын нийт 806 дипломат албан паспортыг хүчингүй болгож, олон улсын гэрээгээр хүлээсэн үүрэг, журамд тусгайлан заасан үүргийн дагуу олон улсын эрүүгийн цагдаагийн байгууллагын цахим мэдээллийн санд холбогдох мэдээллийг хүргүүлсэн” гэлээ.