Даатгалын компанийн төлөөллүүд “Автотээврийн хэрэгслийн эзэмшигчийн хариуцлагын даатгалын тухай хууль”-тай холбогдуулан өнөөдөр мэдээлэл хийлээ.
Тодруулбал, Улсын Их Хурлын гишүүн Т.Аюурсайхан болон бусад нэр бүхий гишүүн Жолоочийн даатгалын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг Улсын Их Хурлын дарга Г.Занданшатарт өргөн /2021.10.27/ барьсан. Үүнийг эсэргүүцэж Монголын даатгалын холбоо, Монголын даатгалын зуучлагчдын холбоо, Монголын хохирол үнэлэгчдийн холбоо хамтран байр сууриа илэрхийлэв. Тэдний зүгээс даатгалын компаниудын үйл ажиллагааг төрд авах тухай хуулийн төсөлд тусгасныг шүүмжилж байгаа юм.
Монголын даатгалын холбооны удирдах зөвлөлийн дарга П.Эрдэнэбаатар “Сүүлийн есөн жилийн хугацаанд тээврийн хэрэгсэл эзэмшигчдийн татвараас 10% мөн даатгалын компаниудаас тодорхой хэмжээг авч бүрдүүлсээр Албан журмын даатгалын санг байгуулсан байдаг. Өдгөө 27 тэрбум төгрөгийн хөрөнгөтэй тус сангийн хөрөнгийг төр менежмент хийж байгаа. Энэ сангийн үйл ажиллагаа, зарлагыг нээлттэй байлгах талаар бидний зүгээс санал гаргаж ирсэн ч хангалттай байсангүй. Сүүлийн хоёр жилийн хугацаанд сангийн зарцуулалтын талаар хурал зохион байгуулагдаагүй бөгөөд хөрөнгө нь хэрхэн зарцуулагдаж байгаа нь тодорхойгүй байна” гэдгийг хэллээ.
“Автотээврийн хэрэгслийн эзэмшигчийн хариуцлагын даатгалын тухай хууль”-д зарчмын хоёр том өөрчлөлт байгааг даатгалын салбарынхан онцлов. Тодруулбал,
- Нэгдүгээрт, 15 даатгалын компани өрсөлдөөнт зах зээлийн зарчмаар ажиллаж, иргэд чирэгдэлгүй үйлчлүүлэх нөхцөл бүрдүүлсэн дэд бүтцийг төр хууль батлаад өөр дээрээ төвлөрүүлэх шийдэл гаргасан байна.
- Хоёрдугаарт, Санг ямар ч хяналтгүй болгож, ЗТХЯ-ны дэргэд аваачиж төвлөрүүлэх гэж байна.
Даатгалын компаниуд хууль учир дутагдалтай байгааг хүлээн зөвшөөрч, 2017 оноос хойш Сангийн яаманд удаа дараа саналаа хүргүүлж байсан. Төр албан журмын даатгалын үйлчилгээг өөр дээрээ төвлөрүүлбэл хамгийн эхэнд иргэд хохирно. Нөхөн төлбөр авахад маш төвөгтэй болно. Төрийн байгууллагын хүнд суртлыг давж байж, нөхөн төлбөрөө авах хэрэгтэй байх болов уу” хэмээн байр сууриа илэрхийллээ.
Одоогийн хуулийн дагуу 30 хоногт багтаан нөхөн төлбөрийг олгох үүрэгтэй. Харин өрсөлдөөний зарчим үйлчилж байгаа одоогийн нөхцөлд 20 минутад нөхөн төлбөр олгож байгаа компани бий. Ингэж даатгуулагчаа татаж байгаа. Бид тухайн компани руу даатгуулагчийг зуучилдаг.
Жолоочид хэрэгтэй заалтууд энэ хуулиар байхгүй болохоор байна. Бидний хувьд үйл ажиллагааны чиглэлийн хүрээнд даатгалын компаниудтай тогтмол маргаан үүсгэж байдаг ч бидний төлөөлдөг даатгуулагчдын эрх ашиг мөн зөрчигдөхөөр байгаа учраас өнөөдөр хамт суугаад байр сууриа илэрхийлж байна” хэмээн ярилаа.