COP26 /26th Conference of the Parties/ буюу Уур амьсгалын тухай НҮБ-ын Суурь Конвенцод нэгдэн орсон улс орнуудын бага хурлын 26 дахь чуулган Шотландын Глазго хотноо эхэлж байна.
Хоёр өдөр үргэлжлэх энэ удаагийн уулзалтад дэлхийн 120 орчим улсын төр, засгийн тэргүүн нар, нийт 200 орчим улсын төлөөлөл оролцоно.
Өмнөх өдрийн орой АНУ-ын Ерөнхийлөгч Жо Байден, Канадын Ерөнхий сайд Жастин Трюдо, Францын Ерөнхийлөгч Эммануэль Макрон, Германы Канцлер Ангела Меркель, Туркийн Ерөнхийлөгч Режеп Тайип Эрдоган болон Хорийн бүлгийн /G20/ бусад удирдагчид дээд хэмжээний уулзалтаа зохион байгуулсан Италийн Ром хотоос Шотландын хамгийн том хотыг зорьсон байна. Бага хурлын зохион байгуулагчийн үүргийг Италийн Ерөнхий сайд Марио Драги Их Британийн Засгийн газрын тэргүүн Борис Жонсоны хамт гүйцэтгэнэ. Учир нь Итали улс уг чуулганыг зохион байгуулах Их Британийн түнш орон юм.
Удирдагчид чуулганы нэгдсэн хуралдаанд мэдэгдэл хийнэ. БНХАУ-ын дарга Ши Жиньпинээс авахуулаад хэд хэдэн удирдагч чуулганд цахимаар оролцож үг хэлэх юм. Өмнө нь мэдээлж байсанчлан ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин энэ арга хэмжээнд биечлэн оролцохгүй.
Хэдийгээр жил бүр болдог ч энэ жил Уур амьсгалын асуудлаарх НҮБ-ын бага хурал онцгой утгатай. Нэгдүгээрт, цар тахлын улмаас нэг жилээр хойшилсон бөгөөд хоёр чуулганы зорилго, хамрах хүрээг нэг дор багтаахад хэцүү гэдгийг зохион байгуулагчид хүлээн зөвшөөрч байна. Хоёрдугаарт, 2015 онд 21 дүгээр чуулганы үеэр Парисын гэрээнд гарын үсэг зурснаар эхэлсэн таван жилийн мөчлөгийн үр дүнг жилийн хоцрогдолтойгоор дүгнэх хэрэгтэй болно.
Энэ удаад өндөр дээд түвшинд болох Глазгогийн уулзалтын гол зорилго бол дэлхийн дулааралтай хийж буй тэмцлийн явцад үнэлэлт дүгнэлт өгөх, уг тэмцлийг эрчимжүүлэх явдал юм. Тодруулбал, Парисын хэлэлцээрийг хэрэгжүүлэх алхмуудыг тодорхойлсон заавар зөвлөмжийг эцсийн байдлаар боловсруулах, уур амьсгалын өөрчлөлтийн эсрэг тэмцэлд засгийн газрууд, бизнесийн салбарынхан ба иргэний нийгмийн хамтын ажиллагааг эрчимжүүлэхэд чиглэнэ.
Эх сурвалж: TASS, Montsame