АН-ын бүлгээс өнөөдөр хуралдсан асуудлаараа тус намын бүлгийн дарга Д.Ганбат мэдээлэл хийлээ.
Тэрбээр, “Хоёр асуудал хэлэлцлээ. Монгол Улсын 2022 оны төсвийн төслийн талаарх Үндэсний аудитын газрын дүгнэлтийг сонслоо. Мөн төсвийн тогтвортой байдлын зөвлөлийн тайланг сонсож гишүүд өөрсдийн санал дүгнэлтийг хэллээ.
Юуны өмнө Үндэсний аудитын газрыг ажиллах боломжоор сайн хангах ёстой юм байна гэж дүгнэлээ. Тогтвортой байдлын зөвлөлөөс гарсан санал дүгнэлт бодитой болсон байна. 2022 оны төсөв энэ сарын 15-наас өмнө батлагдах ёстой. АН-ын бүлэг нягталж үзээд санал дүгнэлтээ гаргаж өгнө.
-АН-ын бүлэг хоёр даргатай болсон уу. Хэн нь албан ёсны дарга вэ?
-Миний бие АН-ын бүлгийн даргаараа ажиллаж, үйл ажиллагаа хэвийн байна.
-АН-ын бүлэг улсын төсвийн дүгнэлтийг яагаад одоо хүртэл гаргаагүй байсан юм бэ?
-Хуулийн дагуу л явж байна. Хоёрдугаар хэлэлцүүлгийн үед санал дүгнэлтээ гаргаж өгдөг. 2022 оны төсөв бол 18 их наядын зарлагатай, 15 их наядын орлоготой маш их алдагдалтай төсөв болж байгаа. Төсвийн орлогыг огцом нэмэгдүүлсэн. Үүнээс гадна 440-өөд арга хэмжээг санхүүжүүлнэ. Үүнээс 60 гаруй нь тодорхой зураг төсөлгүй байгаа.
-Та Засгийн газартай хамтарч ажиллана гэж яриад байна. Сөрөг хүчний ямар ч чадамжгүй болсон юм уу. Бүлгийн хурал дээрээ сайдын суудал горилж байна гэж ярьсан тань үнэн үү?
-Засгийн газартай хамтарч ажиллах ёстой. Хэн ч юу ч ярьж болно. Надад сайдын суудал авах талаар хэлсэн зүйл байхгүй. Бүлэг дээр тэгж ярьсан гэж хэн хэлээд байгаа юм. Хүний яриаг мушгин гуйвуулж болохгүй.