Засгийн газрын аравдугаар сарын 27-ны хуралдаанаар урлаг соёл, спортын арга хэмжээг 50 хувийн дүүргэлттэй нээхээр шийдвэрлэсэн.
Тэгвэл энэ дагуу мэргэжлийн урлагийн байгууллагууд тоглолтын хуваариа гаргаад эхэлсэн байна. Улсын дуурь бүжгийн эрдмийн театрын хувьд энэ сарын 13, 14-нд “Учиртай гурван толгой” дууриар хөшгөө нээж, үргэлжлүүлэн энэ сарын 20, 21-нд “Дон Кихот” балетаар үзэгчдийнхээ мэлмийг баясгахаар болжээ.
Харин Улсын драмын эрдмийн театрын хувьд энэ сарын 5-наас эхлэн “Хаадын хаан” жүжгээр үзэгчиддээ бэлэг барихаар болоод байгаа бол Монгол Улсын филармони энэ сарын 5, 6-нд “Тэнгэр тал” симфони найрал хөгжмийн концертоо тайзнаа тоглох аж.