Жишиг үнэ ба АМНАТ” сэдвээр нүүрс олборлогч, экспортлогч компани, ААН-үүдийн удирдлага, төлөөлөл МҮХАҮТ-д өнөөдөр нүүрсний татвар, үнийн талаар хэлэлцлээ. Хэлэлцүүлэг Сангийн яам сар тутам зарладаг нүүрсний зах зээлийн жишиг үнийг хэт өндөр тогтоогоод байгааг хөндсөн юм.
Энэ талаар хэлэлцүүлгийг зохион байгуулагч Монгол нүүрс ассоциацын гүйцэтгэх захирал Ж.Золжаргалаас тодруулбал, АМНАТ буюу Ашигт малтмалын нөөц ашигласны төлбөрийг газрын хэвлийн баялгийг ашиглан борлуулж буй уул уурхайн ямар ч компани төлөх ёстой, төлж ирсэн. Гэвч Засгийн газар энэ оны 7 дугаар сараас эхлэн АМНАТ буюу Ашигт малтмалын нөөц ашигласны төлбөрийг жишиг үнээр тооцож эхэлж байна. Ингэснээр компаниудын зардал өсөж, үйл ажиллагаа зогсох эрсдэл үүсээд байна гэв.
Засгийн газрын 2016 оны 81 дүгээр тогтоолоор “Экспортын бүтээгдэхүүний борлуулалтын үнэлгээ, түүний үндэслэл болох олон улсын жишиг үнэ тогтоох үнийн эх сурвалж”-ийг баталсан. Энэ хүрээнд Сангийн яам нүүрсний зах зээлийн жишиг үнийг сар тутам зарладаг. Гэхдээ Сангийн яам энэ удаа хөөсөрсөн бодит бус жишиг үнийг зарлаад байна. Энэ нь нүүрс олборлогч ААН-үүдэд татварын шударга бус дарамтад өртөх нөхцөлийг хүргээд байна гэв.
Тэрээр, манай улсын гол импортлогч БНХАУ-ын зах зээлд нүүрсний үнэ хэдийгээр өсөж, эрэлт байгаа ч дэд бүтэц, хил гааль дээрх хязгаарлалтаас болж Монголын нүүрсний компаниуд зах зээлээс тусгаарлагдаж, ашиг хүртэж чадахгүй байгаа. Ийм нөхцөлд АМНАТ-ийг тооцох жишиг үнийг нэмж байгаа нь нэрмээс болж ААН-үүдийг алдагдалд оруулж, зарим төрлийн нүүрсний олборлолтыг зогсооход хүргэнэ. Компаниудад тогтвортой үйл ажиллагаа, зах зээлийн шударга зарчим хэрэгтэй байна гэв. Энэ талаар хэлэлцүүлэгт оролцсон зарим компанийн төлөөллийн санал, байр суурийг хүргэж байна.
“Хишиг Арвин” ХХК-ийн дэд захирал Б.Насанбилэг, “Татвар, төлбөрийг гэнэт нэмж буй нь уул уурхайн салбарт тодорхойгүй байдлыг бий болгож байна. Очиж тооцоолох боломжгүй, амжаагүй байхад л зардал өсчихдөг. Жишээ нь, бид энэ 10 дугаар сарын жишиг үнийг 9 дүгээр сард зарласан үнээр төлөх нь. Энэ нь коксжих нүүрсэн дээр өмнө нь нэг тонн нь 100 гаруй ам.доллар байсныг одоо 2 дахин нэмж төлөх нь. Энэ нь дахиад л зардал өсөх байдлыг үүсгэж байна.
Манай улс гадаад валютаа эрдэс баялгаар буюу ялангуяа нүүрсээр олж буй нөхцөлд компаниудаа, ажил олгогчдоо дэмжиж нүүрснийхээ өрсөлдөх чадвараа хадгалах хэрэгтэй байна. Энэ үүднээс татвар, төлбөр дээр зөв тогтолцоог бий болгож хэрэгтэй шийдвэр гаргаж баймаар байна” гэв.
Олон улсын жишгээр АМНАТ-ийг гаргаж буй нүүрсний гэрээн дээр суурилан борлуулалтын орлогыг үндэслэн, гэрээний дүнгээр тооцон татвар авч, төлбөрөө төлдөг, тэр нь ил тод байдаг аж. Манай улсад энэ байдал өөр жишгээр, нүүрсээ хямд гаргаад ашгаа түрүүнд бодсон байдлаар яваад буйг хэлэлцүүлэгт оролцогчид хэлж байв. Тиймээс экспортод гарч буй уул уурхайн бүтээгдэхүүний АМНАТ ашигласны төлбөр тооцох, зах зээлийн үнийг нийтэд мэдээлэх үүрэг бүхий Ажлын хэсгийг бодитой шийдвэр гаргахад анхаарч ажиллахыг шаардаж буйгаа өнөөдөр илэрхийллээ.
Дээрх асуудлаар цар тахлын хүнд үед тохирсон гарц гаргалгааг олох зорилготой өнөөдрийн хэлэлцүүлэгт бизнесийн төлөөллийн байгууллага МҮХАҮТ нүүрсний компаниудын шаардлагыг дэмжиж буйгаа илэрхийлж, Танхимын ерөнхийлөгч О.Амартүвшин цар тахлын хямралаас үүдсэн сорилт дээр их зардал гарч дахин эрсдэл учрахаар байгааг хэллээ.