“Жишиг үнэ ба АМНАТ” хэлэлцүүлгийн үеэр “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн Гүйцэтгэх захирал Б.Ганхуяг “Эрдэнэс таван толгой аравдугаар сарын 20-ноос хагас коксжих болон эрчим хүчний нүүрсний борлуулалтыг зогсоосон. 13-14 ам.доллароор борлуулчхаад 15 ам.долларын АМНАТ төлөх нь бизнес биш. Олборлож гаргахын тулд ч зардал гаргаж байгаа. Зөвхөн зардал гаргахын тулд бизнес хийнэ гэдэг бол субботник л юм. Коксжих нүүрсний байдал хүнд байна” хэмээн мэдэгдлээ.
Нүүрсний экспортод АМНАТ нь КОВИД-19-өөс дутахгүй хоёр дахь дарамт болж байгааг хэмээсэн Б.Ганхуяг захирал тус компани энэ оны хоёрдугаар улиралд нэг тонн коксжих нүүрсийг 83 ам.доллароор борлуулахад 260 гаруй ам.долларын АМНАТ ногдсон талаар өгүүлж байна.
Эрдэнэс Тавантолгой ХК нийт 2.4 их наяд төгрөгийг улсад төвлөрүүлсэн бөгөөд үүний 2.2 их наядыг сүүлийн дөрвөн жилд төвлөрүүлжээ.
Тус компани бүх төрлийн татвар хураамжаа төлж байна. Үүн дээр нэмээд нийгмийн хариуцлага, цар тахлын нөхцөл байдал хүндэрсэн тул компани их хэмжээний зардлыг хувьцаа эзэмшигчдийнхээ сайн сайхны төлөө, төрөөс өгсөн чиг үүргийг хэрэгжүүлж ирсэн. Давхар АМНАТ-ын дарамт авч болохгүй. Юманд учиртай байх ёстой. Харилцан ашиг олох гэж байгаа гэдэг утгаар биш, хэрэв төр татвар хураамжаа авах гэж байгаа бол татварын шударга, эн тэнцүү зохицуулалттай байх ёстой. Хэдийгээр АМНАТ 10% гэдэг ч жишиг үнээр тооцоход 34-37%-ийн татвар төлдаг байна.
Мөн тэрбээр Сангийн яамныхан АМНАТ-ын талаар ярихаар төр нэг талд сууж байж ингэж болох юм уу гэдэг. Гэхдээ хажууд суучхаад бөөр рүү цохиод байхаар яаж тайван суух вэ дээ. Бизнес, өөрийн гэсэн чиг үүрэгтэй. 81% нь төрд байгаа ч нөгөө талд нь 2.513.000 хувьцаа эзэмшигч, 600 гаруй аж ахуйн нэгж бий. Тиймээс бизнесийг бизнес чигээр нь хөгжүүлээч ээ гэж байгаа юм.
Экспорт хүнд үед дотоодоо дэмжиж, хөл дээр нь босгож, урагш явуулах ёстой байтал хөл дээрээ босоогүй байхад дээрээс нь дэвсэлдэг бодлого аль ч оронд байдаггүй. Харин манайд цагаан дээр хараар бий болсон. Үүнийг хэлж байгаадаа санаа зовохгүй байна. Төрийн болон хувьцаа эзэмшигчдийнхээ төлөө хийж байгаа ажил учраас. Энэ компани цаашид босож, хөгжих ёстой хэмээн ярьж байна.