ОХУ-аас Ангарскийн ГТБҮ-ийн үйлчилгээ, засварын ажил удааширснаар манай улсад нийлүүлэх Аи-92 автобензиний нийлүүлэлт 2021 оны 09 дүгээр сарын 20-ний өдрөөс багасан.
Аравдугаар сард манай улс ОХУ-ын Роснефть НХН-ийн Ангарскийн ГТБҮ-ээс 54.880 тонн, БНХАУ-ын Петрочайна интернейшнл компанийн Хөх хотын ГТБҮ-ээс 20.000 тонн АИ-92 автобензин импортлохоор төлөвлөн ажиллаж байна.
Энэ сарын 24-ний өдрийн байдлаар ОХУ-аас 12.800 тонн, БНХАУ-аас 12.250 тонн, нийт 25.050 тонн АИ-92 автобензин импортлоод байна.
Ангарскийн ГТБҮ-ийн үйл ажиллагаа 10 дугаар сарын 17-ноос эхлэн тогтворжиж хоногт 17-55 вагон буюу 1000-3300 тн АИ-92 автобензины ачилтыг хийж эхлээд байна. Мөн Хөх хотын ГТБҮ-ээс 25-наас эхлэн 7700 тонн АИ-92 автобензины ачилтыг хийнэ.
Улаанбаатар хот болон бусад суурин газруудад АИ-92 автобензины түгээлтийг шуурхай хийж байна. Тухайлбал, 10 дугаар сарын 23-24-ний өдрүүдэд:
• НИК, Тэс петролеум, Шунхлай, Газ-Ойл, Ундрага Увс зэрэг ААН-үүд Говь-Алтай, Увс, Баянхонгор, Архангай, Дундговь, Өмнөговь аймгуудад 335 тонн, Зүүн 3 аймагт 150 тонн АИ-92 автобензин ачуулан түгээлтийг хийсэн.
• НИК, Сод монгол ХХК-нууд нь Дархан, Эрдэнэт, Хөвсгөл, Булган, Сэлэнгэ аймагт 7 вагон цистерн буюу 420 тонн АИ-92 автобензины түгээлтийг хийж эхэлсэн.
Шатахууны гадаад нийлүүлэлт тогтворжиж эхэлж байгаа бөгөөд УУХҮЯ, АМГТГ болон шатахууны худалдаа эрхлэгч ААН-үүдтэй хамтран аймаг орон нутагт АИ-92 автобензины хангамж, түгээлтийг сайжруулахаар зохион байгуулан ажиллаж байна.