Улсын Их Хурлын гишүүн, Тогтвортой хөгжлийн зорилгын дэд хорооны дарга Х.Булгантуяа Баасан гарагт Дэлхийн банкны Монгол Улс дахь Суурин төлөөлөгч Андрей Михнев, тус газрын ахлах эдийн засагч Жийн-Паскаль Нгану нартай уулзлаа.
Тэрбээр хэлэхдээ, өнгөрсөн есдүгээр сард Монгол Улсын Их Хурлын дарга Г.Занданшатар тэргүүтэй парламентын төлөөлөгчид Америкийн Нэгдсэн Улсад айлчлах үеэр Дэлхийн банкны Дэд ерөнхийлөгчтэй уулзсан.
Уг айлчлалын бүрэлдэхүүнд миний бие багтсан ба уулзалтаар хамтын ажиллагааг өргөжүүлэх, үүний дотор Улсын Их Хурлын Тамгын газрын зарим чиг үүргийн нэгжийн чадавхыг бэхжүүлэх техникийн туслалцаа, хуулийн орчуулга, зөвлөх үйлчилгээ авах зэрэг асуудлаар санал солилцсон юм. Энэ яриаг ажил хэрэг болгохоор ноён А.Михневтэй уулзаж байгаагаа танилцуулав.
Суурин төлөөлөгч Андрей Михнев Улсын Их Хурлын гишүүний зүгээс тавьсан асуудлуудыг холбогдох албаны хүмүүстэй зөвлөлдөж, ойрын хугацаанд ажил хэрэг болгохоо илэрхийлэв.
Талууд хамтын ажиллагааны төлөвлөгөө, хүрэх үр болон бусад асуудлаар санал солилцлоо хэмээн Улсын Их Хурлын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв.