УИХ дахь АН-ын бүлэг Баасан гаригт (2021.10.22) “Төрөөс мөнгөний бодлогын талаар 2022 онд баримтлах үндсэн чиглэл батлах тухай” УИХ-ын тогтоолын төслийн хэлэлцүүлгээс завсарлага авсан байгаа.
АН-ын бүлэг завсарлага авсан шалтгаан:
2018 оны 01 дүгээр сарын 12-ны өдөр Төв банк /Монголбанк/-ны тухай хуулинд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуульд Төв банк төсвийн ямар ч үйл ажиллагаанд оролцохгүй байх, ямар нэгэн хэлбэрээр ийм шийдвэр гаргуулахгүй байх зохицуулалтыг оруулсан. Гэтэл Засгийн газрын 2021 оны 131 дүгээр тогтоолоор “Эрүүл мэндээ хамгаалж, эдийн засгаа сэргээх 10 их наядын хөтөлбөр”-т төсвийн шинж чанартай хөтөлбөрүүдийг Монголбанкаар санхүүжүүлэхээр болсон ба энэ асуудал 2022 онд ч үргэлжлэхээр байгаа нь хуулиа зөрчиж байна.
2021 оны 7 сарын байдлаар банкны салбарын хэмжээнд 7 их наяд төгрөгийн асуудалтай зээл байна. Үүнд, 2 их наяд төгрөгийн чанаргүй зээл, 1,2 их наяд төгрөгийн хугацаа хэтэрсэн зээл, 3,7 их наяд төгрөгийн цар тахлын нөлөөнд өртсөн зээл байна. Тэгвэл нийт банкуудын хэмжээнд зээлийн үлдэгдэл нь 19.5 их наяд төгрөг байна. Энэ нь банкны зээлээс 100 төгрөг тутмын 35 төгрөг нь эрсдэлтэй гэж ойлгож болохоор бөгөөд банкны салбар туйлын хүнд байгааг илтгэж байна.
Салхитын мөнгөний уурхайн дотоодын зах зээл дээр гаргасан бондыг худалдаж авсан явдал нь ойролцоогоор 1 их наяд төгрөг Монголбанкны үйл ажиллагааны үндсэн чиглэлд Төв банк аж ахуй нэгжүүдийн зах зээлд гаргасан бондыг эзэмших тухай нэг ч заалт байхгүй. Хууль зөрчсөн харагдаж байна.
Өнөөдөр төгрөг улам үнэгүйдэж, ханш унаснаар өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүн, хэрэглээний сагс 30-50 хувь өсөж, ард түмний амьдрал муудаж, инфляци 9.9 хувь болж 2021 оны үндсэн чиглэлээс давчихлаа. Өнөөдрийн нөхцөл байдал улам таагүй байхад 2022 онд мөн 6 хувь байхаар оруулж ирсэн үндэслэл муутай, бодит байдалд нийцэхгүй байна.
Энэ мэтээр бид Төрөөс мөнгөний бодлогын талаар 2022 онд баримтлах үндсэн чиглэлд нягтлах, тодруулах зүйлс байна.