УИХ-ын Баасан гаригийн хуралдаан дээр УИХ-ын дарга Г.Занданшатар хөрөнгийн болон даатгалын тогтолцоог хөгжүүлэх, Монголбанк цахим төгрөг гаргах асуудлыг судалж, хэрэгжүүлэх үүргийг биелүүлэх чиглэлийг өгсөн юм. Тэрбээр “Бага дэвсгэртүүдийг цахимаар гаргах боломж бий бөгөөд хөрш орнуудаас эхлээд энэ төрлийн арга хэмжээг дэлхийн улс орнууд авч эхлээд байгаа.
Бид хоцорч болохгүй. 100 төгрөгийн дэвсгэртийг хэвлэх өртөг нь 160 төгрөг байдаг. Энэ ашиггүй хувилбарыг өөрчилж, цахим хувилбарт шилжүүлэх бололцоо, шинэ технологийг судалж, хэрэгжүүлэх үүргийг өгсөн. Цахим мөнгө нь ул мөр нэн тодорхой байдаг учраас авлига, хээл хахууль болон санхүүгийн бусад төрлийн гэмт хэрэгтэй тэмцэхэд чухал нөлөөтэй.
Хууль эрх зүйн орчныг бүрдүүлье” гэлээ. Үргэлжлүүлэн тэрбээр үйлдвэрлэгч, энтрепренер сэтгэлгээ, чиг хандлагатай улс орнууд л хөгжиж, мөнгөн тэмдэгт нь нэн тогтвортой байх тул энэ бүхнийг мөнгөний бодлогоороо дэмжиж, хэрэгжүүлэх шаардлагатайг тэмдэглэсэн юм. Үүний тулд төсөв, мөнгө, өрийн бодлогууд харилцан уялдаатай байх ёстой бөгөөд дээрх чиглэлийг Эдийн засгийн байнгын хороо, Монголбанканд өгөв.
Мөн мөнгөний бодлого төсвийн бодлогыг уялдуулах, инфляц онилсон мөнгөний бодлого төлөвлөлтийг өөрчлөх, банкуудын IPO хийх үйл явцыг Монголбанк хүнд суртал гаргахгүйгээр шуурхай зохион байгуулах, дэмжлэг үзүүлэхэд анхаарах,
Төсөв мөнгөний бодлогыг уялуулж, тансаг хэрэглээний гэх зэрэг зарим төрлийн татварыг нэмэгдүүлэх замаар зорилтот бүлэг, иргэдийн орлого, амьжиргааг дэмжиж, хамгаалан, цалин, тэтгэвэр, тэтгэмжийг нэмэгдүүлэх бодлогыг хэрэгжүүлэх, мөнгө хүүлэх сэтгэлгээнээс салж, хөрөнгө оруулалтыг дэмжин, зээлийн хүүг бууруулж, үйлдвэрлэгч орон болох чиглэлд бодлогын зорилт, арга хэмжээг төлөвлөн хэрэгжүүлэхийг чиглэл болголоо.