Улаанбаатар төмөр зам ХНН-ийн Төлөөлөн удирдах зөвлөлийн хурал ОХУ-ын Эрхүү хотод энэ сарын 10-13-ны өдрүүдэд болж манай талаас Зам тээвэр, хөгжлийн яамны дэд сайд Ж.Бат-Эрдэнэ тэргүүтэй арав орчим хүн оролцохоор явжээ.
Болж өнгөрсөн хурлаар талийгаач Жигжиднямаагийн орны томилгоог хийж, УБТЗ ХНН-ийг даргатай болгох, Ерөнхий хорооны зөвшөөрлөөр гүйцэтгэгдэдэг нэмэлт гүйлгээний жагсаалт болон байгууллагын орон тоо, аудитын комисс зэргийг батлах, менежерүүдийн цалинг тэнцүүлэх, хөрөнгө оруулалтын хөтөлбөрөө төлөвлөж, санхүүгийн жил дуусч байгаа хэдий ч өмнө нь огт батлаагүй байсан 2021 оны төсвийг батлах гэх мэт асуудлыг хэлэлцэхээр шийдсэн байдаг.
Гэвч энэ хурал болоогүй. Хурлын үеэр “Оросын төмөр зам” НХН-ийн Ерөнхий захирлын нэгдүгээр орлогч С.А.Павлов тэргүүтэй Оросын талын албан тушаалтнууд хурлаа хаяад гарсан талаар эх сурвалжууд мэдээлж байна.
Зам, тээврийн хөгжлийн яамны дэд сайд Ж.Бат-Эрдэнийн тэргүүлсэн Монголын төлөөлөгчид УБТЗ ХНН-ийн даргад Г.Сэрээнэндорж, н.Даваасүрэн, Ц.Хүрэлбаатар нарын нэрийг дэвшүүлж байгаагаа тулгасанаас асуудал үүссэн гэдгийг ч эх сурвалжууд дурдаад эхэлжээ. Оросын тал Г.Сэрээнэндорж, н.Даваасүрэн, Ц.Хүрэлбаатар нарыг УБТЗ ХНН-ийн даргаар томилоход “тохиромжгүй этгээд” хэмээн дэмжээгүй юм.
ОХУ-ын тал Богдхан төмөр замын төсөлд Оросын компаниудыг оролцуулахгүй бол “холболтын цэг” өгөхгүй гэсэн байр суурьтай байгаа нь УБТЗ ХНН-д төвөгтэй нөхцөл байдал үүсгэх төлөвтэй.