Зорчигчийн галт тэрэгний хөдөлгөөн энэ сарын 16-ны 5.00 цагаас эхлэн өвлийн цагийн хуваарьт шилжих талаар “Улаанбаатар төмөр зам” ХНН-ээс мэдээллээ. Зорчигч галт тэргээр аялахдаа дараах бичиг баримтыг заавал бүрдүүлэх аж. Үүнд:
- Коронавируст халдварын эсрэг вакцинжуулалтад бүрэн хамрагдсан. Түүнээс хойш 14 хоногийн хугацаа өнгөрснийг нотлох баримт,
- Сүүлийн 4 сард коронавирусний халдвараар өвчилж эдгэсэн бол эрүүл мэндийн байгууллагын магадалгаа,
- Халдварын тохиолдол бүртгэгдээгүй аймаг, орон нутаг, сумаас зорчих хөдөлгөөн эхэлсэн болон дээр заасан баримт бичигтэй зорчигчоос бусад тохиолдолд коронавируст халдварын шинжилгээний сөрөг хариу эсхүл антигенд суурилсан түргэвчилсэн шинжилгээний сөрөг хариу. Эдгээр нь шинжилгээ өгсөн өдрөөс 2-3 хоногийн хугацаанд хүчинтэй байх аж.
Цар тахлын эсрэг халдвар хамгааллын дэглэмийг мөрдөж байгаатай холбоотойгоор тасалбаргүй зорчигчийг галт тэргэнд оруулахгүй, үдэн гаргагчийг зорчигчийн тавцанд нэвтрүүлэхгүй гэж мэдээллээ.