Орос, Хятадын тэнгисийн цэргийн хамтарсан “Тэнгисийн хамтын ажиллагаа-2021” сургуулилалт Япон тэнгист эхэлсэн тухай ОХУ-ын Тэнгисийн цэргийн Номхон далайн флотын хэвлэлийн албанаас мэдээллээ. Хоёр улсын хамтарсан сургууль 10 дугаар сарын 14-17-ны хооронд үргэлжилнэ.
ОХУ-ын Тэнгисийн цэргийн флотоос уг сургуулилалтад шумбагч онгоц эсэргүүцэгч том хөлөг онгоц “Адмирал Пантелеев”, 20380 төслийн харуулын хөлөг онгоцууд болох “Герой Российской Федерации Алдар Цыденжапов”, “Громкий”, мөн мина тээвэрлэгч үндсэн хоёр хөлөг онгоц, 877 төслийн шумбагч онгоц болох “Усть-Большерецк”, пуужинт хөлөг онгоцууд, чирэгч хөлөг онгоц оролцоно.
Харин Хятадын ардын чөлөөлөх армийн Тэнгисийн цэргийн флотоос эскадрын мина зөөгч “Кунь Мин”, “Нань Чан” онгоцууд, “Бинь Жоу”, “Лю Чжоу” харуулын хөлөг онгоцууд, мөн дизель шумбагч онгоц, хангамж, аврах ажиллагааны хөлөг онгоц оролцох аж. Хятадын хөлөг онгоцууд Япон тэнгис дэх Их Петрийн булангийн хөлөг онгоцны зогсоолд иржээ.
Тэнгисийн цэргийн бүрэлдэхүүнээс гадна Орос-Хятадын сургуулилалтад Оросын Номхон далайн флот, ХАЧА-гийн 12 нисэх онгоц, нисдэг тэрэг оролцоно.
Сургуулилалтын явцад хоёр улсын тэнгисийн цэргүүд тактикийн хамтарсан маневр хийх, хөлөг онгоцуудад мина эсэргүүцэх дэмжлэг үзүүлэх, тэнгисийн бай руу их буугаар галлах, дайсны шумбагч онгоцыг хайх тактик боловсруулна.