Б.ӨНӨРТОГТОХ
Манай сайт өмнө нь Баян-Өлгий аймгийн Засаг дарга Д.Бауыржаны төрийн албыг төрлийн алба болгож, өөрийнхөө ах дүү хамаатан саданг төрийн албан томилсон асуудлыг баримттай хөндөн хүргэж байсан билээ. Энэ тухай нийтлэлийг http://www.dardas.mn/news/pview/21719
энэхүү линкээс уншиж болно.
Тэгвэл энэ удаа эрхэм Засаг даргын нэр холбогдсон ч мартагдаж буй газар усны нэрийг казахаар өгсөн асуудал буюу үндэсний аюулгүй байдал, тусгаар тогтнолд сөргөөр нөлөөлсөн гэх эрүүгийн хэрэг хаана, хэний ширээнд дарагдаж буйг хөндөн, уншигч танд хүргэж байна.
Тодруулбал, 2020 оны сүүлээр ШӨХТГ-аас Баян-Өлгий аймагт Монгол хэлээр нэрлэгдээгүй Засаг захиргааны нэгж, гудамж байгаа эсэхэд хяналт хийжээ. Улмаар, Улаанхус, Дэлүүн, Сагсай сумдад шинээр баг байгуулахдаа Монгол Улсын Геодези зураг зүйн тухай хуулийн 11 дүгээр зүйлд заасан газар зүйн нэрийг нэрлэх, өөрчлөх, зөв бичих хэрэглэх, түүнд тавигдах шаардлагыг хангах талаарх заалтыг зөрчсөнөөс гадна шинээр байгуулсан багаа Улсын бүртгэлд казах нэрээр оруулсан нь Монгол Улсын Эрүүгийн хуулийн 19 дүгээр зүйлд заасан “Хууль бусаар газар орны нэр өөрчлөх” гэмт хэрэг хэмээн шалгаж эхэлсэн байдаг.
Аймгийн ИТХ-аас гаргасан шийдвэрийг ШӨХТГ-аас тавьсан хүсэлтийн хүрээнд хүчингүй болгосны дараа дээрх шийдвэрийг гаргасан нэр бүхий хүмүүс болох тухайн үед Аймгийн Засаг даргаар ажиллаж байсан А.Гылымхан, ИТХ-ын дарга асан, одоогийн аймгийн Засаг дарга Д.Бауыржан, Засаг даргын орлогч А.Камелият, одоогийн Засаг даргын орлогч С.Хонаев, Аймгийн Улсын бүртгэлийн газрын дарга С.Арман нарын нэр бүхий хүмүүст эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж, яллах дүгнэлт үйлдэн прокурорт шилжүүлжээ.
Эрүүгийн хэрэг үүсгэсэн гэх мэдээлэл 2021 оны хоёрдугаар сард олон нийтэд ил болж, хэрэгт холбогдуулан шалгагдаж байсан Аймгийн Засаг дарга асан А.Гылымхан нь манай сайтад энэ талаар тайлбар өгөхдөө “2010, 2013 онд ийм асуудал байсан юм билээ. Надтай хамаагүй. Зөрчил арилсан гэж хэлж болно. Тэр үед би Засаг дарга байгаагүй. 2017 онд хэдэн баг шинээр байгуулаад нэрлэсэн юм билээ” гэсэн хоорондоо утга авцалдаагүй мэдээлэл хийгээд алга болжээ. Харин Аймгийн Засаг дарга Д.Бауыржан өнгөрөгч хоёрдугаар сард “Ийгл” телевизэд утсаар өгсөн тодруулгадаа “Би мэдэхгүй байна. Ковидын нөхцөл байдлаас үүдээд хөдөө орон нутагт ажлаар явж байна. Интернет орж чадаагүй учраас юу болсныг мэдэхгүй” хэмээн мэлзсэн тайлбар өгөөд алга болсон байх юм.
Эндээс хойш найман сар өнгөрсөн ч хэргийг Нийслэлийн прокурорын газар хэлэлцэхгүй хав дарж, гацаачихсан гэх. Харин улс орны үндэсний аюулгүй байдалд шууд бус ч “заналхийлэх” үйлдэл хийсэн эдгээр хүмүүс “Бид хууль тогтоомжоо сайн мэдэхгүйгээс ийм зүйл хийжээ. ИТХ-ын тогтоолоо 2019 онд хүчингүй болгосон” хэмээн арьсаа хамгаалсан тайлбар өгөөд хэргээс мултарч болохгүй билээ.
Учир нь аймгийг удирдаж буй дарга нь төрийн хууль тогтоомжоо ойлгохгүй, мэдэхгүй юм бол тэнд амьдарч буй иргэд нь ямархуу хариу үйлдэлтэй байх вэ гэдэг ньтодорхой биз дээ. Тиймдээ ч өнгөрсөн наймдугаар сард ҮАБЗ-ийн Нарийн бичгийн дарга Ж.Энхбаяр тэргүүтэй тагнуул, цагдаагийн албаныхан Баян-Өлгий аймагт ажиллаж төрийн албанд казах, халх иргэдийн харьцаа алдагдсан эсэх, албан тушаалын томилгоо шударгаар явагдсан эсэх талаар нутгийн иргэд болон Д.Бауыржан тэргүүтэй албан тушаалтнуудтай уулзсан байдаг.
Мөн ХЭҮК-ын гишүүн П.Оюунчимэг тус аймагт ажиллаад ирснийхээ дараа “Тус аймагт ердөө дөрөвхөн сургууль монгол хэлээр хичээлээ заадаг. Эндээс болж тэнд амьдарч буй халх хүүхдүүдийн эрх маш ихээр зөрчигдөж байна” хэмээн мэдээлж байлаа. Үүнээс гадна МҮОНТ-ээр ч улс дотор улс байгуулах үйлдэл гаргаж буй хоёр ч том асуудлыг хөндсөн нэвтрүүлэг гарсан нь олон нийтэд багагүй маргаан мэтгэлцээн үүсгэсэн билээ. Энэ бол аймаг орон нутгийг сүүлийн 5 жил удирдаж буй А.Гылымхан болон Д.Бауыржан нарын ажлаа ямархуу түвшинд хийснийг харуулах бэлээхэн жишээ.
Гэвч тэд ажлаа өгөх байтугай харин ч ах дүүгээрээ төрийн албанд “найрлаж” байна, Ерөнхий сайд аа. Өмнө нь хэзээ ч ийм зөрчил хагаралтай асуудал гаргаж байгаагүй казах иргэдээ ч олигтой удирдаад явчихаж чадахгүй ковидоор үхүүлж, вакцинаар сүүл мушгиж, тэр ч байтугай ҮАБЗөвлөл аймагт нь очиж ажиллах хэмжээнд асуудлыг хурцдуулсан нь аймгийн удирдлагуудын ажлын үр дүн ямар байсныг харуулах жишээ болох билээ. Бид дараагийн дугаарт ковидын үед авч хэрэгжүүлсэн буруу арга хэмжээ, аймгийн өрсөлдөх чадвар, боловсролын түвшний хоцрогдлыг мөн баримтад тулгуурлан хүргэх болно.
Эх сурвалж: