Хөдөлмөрийн баатар, олимпын аварга, улсын заан Н.Түвшинбаярыг нутаг нэгт, жүдо бөхийнх нь бэлтгэлийг хангахад гол нөлөө үзүүлж, дэмжиж ирсэн Монгол Улсын өсөх идэр начин Э.Энхбатыг архины шилээр зодон хүнд гэмтэл учруулсан хэргийг Хан-Уул дүүргийн Цагдаагийн газрын I хэлтсийнхэн шалгаж дуусжээ.
Н.Түвшинбаярын зодооны хэрэг зүгээр нэг найз нөхдийн маргаан байгаагүй талаар зарим эх сурвалжууд дурдаж байсан юм. Тухайлбал, зодоон өрнөдөг өдөр ХУД-ийн нутаг дэвсгэрт байрлах “Их хуралдай” төвд байх Булган аймгийн ИТХ-ын төлөөлөгч С.Гал-Эрдэнийн өрөөнд Булганы Ардчилсан намынхан цугларсан. Тэнд маргааш нь Ц.Туваан, Ерөнхийлөгч Х.Баттулга нарын талаас зохион байгуулсан АН-ын даргаар сонгогдсон О.Цогтгэрэлийг ёсчлох арга хэмжээг Булганы АН-ын зүгээс дэмжих үү, үгүй гэдгийг хэлэлцэж байсан. Энэ үеэр Булган аймгийн ИТХ-ын дарга Г.Эрдэнэбат Н.Түвшинбаярт Э.Энхбатыг ховлож, сургамж өг гэснээр зодоон үүссэн талаар эх сурвалжууд мэдээлж байлаа.
ХУД-ийн Цагдаагийн хэлтэс энэ хэргийг шалгаж дуусаад яллах дүгнэлт үйлдүүлж шүүхэд шилжүүлэх саналаа илэрхийлэн тус дүүргийн Прокурорын газарт хүргүүлжээ. Үүнээс өмнө хохирогчийн хууль ёсны төлөөлөгч, улсын өсөх идэр начин Э.Энхбатын эхнэр Б.Нандинцэцэг НПГ-т гомдол гаргасны дагуу хянаад гомдолд дурдсан асуудлуудыг мөрдөн байцаалтаар шалгах чиглэл мөрдөгчдөд өгсөн гэнэ.
Э.Энхбат өдгөө БНСУ-д эмчлүүлсээр буй бөгөөд зардал нь маш өндөр байгааг ар гэрийнхэн нь хууль сахиулагчдад удаа дараа мэдэгдсээр байгаа юм байна.