Доналд Трампын засаг захиргааны үед АНУ-ын Үндэсний тагнуулын албаны дарга асан Жон Ратклифф “Бээжин АНУ-тай сөргөлдөөний нээлттэй эрин үед ороход бэлтгэж байна. БНХАУ бол өнөөгийн АНУ болон олон улсын ардчиллын хувьд дэлхийн II дайнаас хойших хамгийн том аюул заналхийлэл” гэж мэдэгдэж байв.
Тэгвэл АНУ-ын Тагнуулын төв газар хэд хэдэн бүтцийн өөрчлөлт хийж, зөвхөн БНХАУ-ын асуудалд чиглэсэн тусгай нэгж байгуулахаар болсон талаар мэдэгдлээ. Тагнуулын төв газрын дарга Уильям Бернс пүрэв гаригт “Тагнуулын төв газар олон сарын турш явуулсан тагнуулын үйл ажиллагааг үндэслэн БНХАУ-ыг Вашингтоны урт хугацааны хамгийн том аюул заналхийлэл гэж тодорхойлж байна. Хятадын асуудалд чиглэсэн шинэ бүтэц XXI зуунд бидний өмнө тулгарч буй геополитикийн хамгийн том аюул заналхийлэл болох Бээжингийн түрэмгийллийн эсрэг дотоод хамтын ажиллагааг нэгтгэх зорилготой” гэсэн юм.
Мөн АНУ-ын Тагнуулын төв газар Үндэстэн дамнасан технологийн нэгж шинээр байгуулж байгаа бөгөөд уг бүтэц нь эдийн засаг, технологи зэрэг АНУ-ын бусад их гүрнүүдтэй өрсөлдөх чадварыг нэмэгдүүлэхэд чиглэх аж. Ингэснээр АНУ-ын тагнуулын байгууллагуудын тэргүүлэх чиглэл албан ёсоор БНХАУ руу шилжлээ гэж үзэж болох юм.
Учир нь, Тагнуулын төв газар өмнө нь АНУ-ын тагнуулын тэргүүлэх чиглэл, гол бүтэц байсаар ирсэн Иран болон Хойд Солонгосын асуудал хариуцсан бие даасан нэгжүүдийг татан буулгаж, Ойрхи дорнод, Зүүн Ази-Номхон далайн нэгжүүдэд шилжүүлсэн байна.
Ажиглагчид Вашингтон болон Бээжингийн өнөөгийн сөргөлдөөн технологийн салбарт аль хэдийн өнгөрөгч зуунд өрнөсөн хүйтэн дайны түвшинд хүрсэн гэж үздэг. Тэгвэл АНУ-ын Тагнуулын байгууллага зөвхөн Хятадын асуудалд чиглэсэн, тэр дундаа технологийн өрсөлдөөнийг хурцлах бүтэц байгуулж, тэргүүлэх чиглэлээр тодорхойлсон явдал нь XXI зууны шинэ хүйтэн дайны албан ёсны эхлэл гэж шинжээчид дүгнэж эхлээд байна. Зарим ажиглагч өнгөрөгч сард Их Британи, АНУ болон Австралийн төрийн тэргүүн нар Энэтхэг-Номхон далайн бүс нутагт цэргийн эвсэл байгуулах гурван талт “AUKUS” гэрээ байгуулснаар шинэ хүйтэн дайн албан ёсоор эхэлсэн гэж үзэж байгаа юм.
Үүнтэй зэрэгцэн Тайваньд 1962 оны Кубын хямралыг санагдуулам үйл явдлууд сүүлийн өдрүүдэд өрнөсөөр байна. Тухайлбал, БНХАУ-ын Ардын чөлөөлөх армийн байлдааны нисэх онгоцнууд Тайванийн агаарын довтолгооноос хамгаалах бүсэд олон зуун удаа халдаж, довтолгооны сургуулилт хийхийн зэрэгцээ төрийн хэвлэлээр дамжуулан цэргийн хүчээр арлыг эзлэх бүрэн боломжтой гэдгээ ил тод илэрхийлэх болсон. Тайванийн Гадаад хэргийн сайд БНХАУ-тай дайтахад бэлэн байгаагаа мэдэгдсэн бөгөөд Батлан хамгаалахын сайд нь Бээжин 2025 он гэхэд Тайванийг цэргийн хүчээр эзлэн түрэмгийлэх бэлтгэл ажлаа хангаж дуусна гэсэн юм.
Харин Их Британиар ахлуулсан АНУ, Австрали, Япон, Канад, Голландын “Carrier Strike Group 21” тэнгисийн цэргийн флот Зүүн Хятадын тэнгис-Тайванийн хоолой-Өмнөд Хятадын тэнгист хөдөлгөөн хийх болсон. Нийт 17 хөлөг онгоц бүхий уг флотод барууны тэнгисийн цэргийн бүх супер зэвсэглэл буюу АНУ-ын цөмийн хөдөлгүүрт “USS Connecticut” шумбагч хөлөг онгоцноос гадна Их Британийн “Queen Elizabeth” тэргүүтэй гурван нисэх онгоц багтаж байгаа юм.
Эх сурвалж: ITOIM