–Аюултай нөхцөл байдал үүссэн үед л дохио дуугарна–
Есдүгээр сарын 7-8-нд шилжих шөнө газар хөдлөлт болж, иргэдэд чичирхийлэл мэдэгдсэн. Үүнтэй холбогдуулан ОБЕГ-ын ГШУГ-ын Дэд бүтэц, газар хөдлөлтийн тасгийн дарга, хурандаа Ж.Дамдинсүрэнгээс тодрууллаа.
– Газрын хөдлөлтийн улмаас хүний эрүүл мэнд, эд хөрөнгөд хохирол учирсан уу?
– Есдүгээр сарын 7-8-нд шилжих шөнө мэдрэгдсэн газар хөдлөлт Төв аймгийн Жаргалант суманд болсон. Аймгийн засаг даргатай холбогдоход хохирол гараагүй гэх мэдээллийг бидэнд өглөө. Мөн тус аймгийн 26 сумын удирдлагатай холбогдсон.
– Сүүлийн жилүүдэд хүчтэй газар хөдлөлт давтамж ихтэй байгаа. Эрсдэлд бэлтгэлтэй байж, хохирол багатайгаар даван туулах шаардлагатай тулгарч ч мэдэхээр байна шүү дээ. Тэгэхээр мэргэжлийн хүний хувьд та юу хэлэх вэ?
– Урьдчилан хамгаалах ажлыг сайн хийх юм бол гай гамшиг 60 хувь бууруулна. Амьдрал ч үүнтэй адил. Газар хөдлөлтийн гамшиг хэзээ тохиолдохыг бид хэлж мэдэхгүй. Хэрэв эрсдэл хаалга татсан тохиолдолд бэлэн байх ёстой. Тийм учраас жил болгон дадлага сургуулилалт хийдэг юм. Улс даяараа үүнд оролцоно. Улсын хэмжээнд шадар сайдаар ахлуулсан байнгын ажиллагаатай зөвлөл ажилладаг. Харин 21 аймаг тус бүрд аймгийн ИТХ-ын даргаар ахлуулсан баг бий. Тэд нэгдүгээрт, урьдчилан сэргийлэх үйл ажиллагаа буюу тухайн орон нутаг дахь газар хөдлөлтөд тэсвэргүй барилга, байгууламжийг бүртгэлжүүлэх арга хэмжээг зохион байгуулдаг. Хоёрдугаарт, хүнд нөхцөл байдал үүсэхэд хэрхэн ажиллах талаар төлөвлөгөө, удирдамжийг бэлтгэсэн байх ёстой.
– Газар хөдлөлтийн үед иргэд ямар бэлтгэлтэй байх ёстой вэ?
– Иргэдийн хувьд нэн тэргүүнд шаардлагатай зүйлсийг газар хөдлөлтийн чичиргээ мэдэрснийхээ дараа бус болзошгүй аюулаас сэргийлэн бэлдэх хэрэгтэй. Түүнээс гадна мэргэжлийн байгууллагын өгсөн заавар зөвлөгөөг сайн дагах нь чухал. Болгоомжтой болоод тайван байж өөрт болон өрөөлд анхан шатны тусламж үзүүлж чаддаг болох ёстой юм. Ийм зорилгоор бид гамшгаас хамгаалах сургалтыг цаг тухай бүрд зохион байгуулдаг. Газар хөдлөлт бол тоглоом биш. Дэлхийн хаана ч газар хөдлөлтийг тэдний өдөр болно гэдгийг мэддэг улс байхгүй. Түүний улмаас хамгийн их зовлон үзсэн Япон улс хүүхдийг сургууль, цэцэрлэгт байх үеэс л байгалийн гамшигт үзэгдлийг даван туулахад бэлддэг.
Харин манай улс их, дээд сургуулиудад “Гамшгийн менежмент” хичээл орох зэргээр бодлогын хэмжээнд хэрэгжүүлээд явж байна. Чичирхийлэл мэдрэгдлээ гээд айж сандран гүйж харайгаад байх бус тайван байх хэрэгтэй. Газар хэзээ хөдлөх вэ гэж асууж байхынхаа оронд чичиргээ дахин үүсвэл яах вэ, юу бэлдэх вэ гэдгээ бодъё. Түрүүлээд байрнаасаа гарч байгаа нь өөрийгөө хамгаалж буй хэлбэр боловч бусдын сэтгэл санааг өөр зүйл рүү хандуулчихдаг. Гэхдээ эцсийн эцэст хүн өөрийгөө л хамгаална. Бид амжиж анхааруулах үйл ажиллагааг зохион байгуулж байна. Хэрвээ нөхцөл байдал өөрөөр эргэвэл авран хамгаалах ажиллагаагаа явуулах болно. Иргэд бусдадаа мэддэг, чаддагаа зааж: ойлгуулдаг байх хэрэгтэй юм.
Амьдарч буй орон байраа сонгохдоо аль болох бат бөх, ядаж найман баллын газар хөдлөлтөд тэсвэртэйг сонгох хэрэгтэй. Үгүй бол хүчтэй газар хөдлөлтийн улмаас барилга нурж, эрсдэх магадлалтай. Барилга, байгууламжийн чанарт ч хяналт тавих шаардлага бий. Газар хөдлөлтийн гамшиг хэлж ирэхгүй гэдгийг дахин хэлье.
– Он гарсаар 3.5 баллаас дээш газар хөдлөлт хэчнээн бүртгэгдсэн бэ?
– 3.5-аас дээш газар хөдлөлт 265 удаа мэдэгдсэн. Түүнээс доош баллын газар хөдлөлт хөрсөн дор зөндөө л болж байгаа. 2020 онд гэхэд л 64765 удаа газар хөдлөлтийн мэдээ бүртгэгдсэн байдаг. Бидний үүрэг бол аврах, хамгаалах, урьдчилан сэргийлэх үйл ажиллагаа явуулах юм. Улаанбаатар хот таван баллын газар хөдлөлтийн бүсэд ордог. Газар хөдлөлтийн улмаас байшин барилгад нуралт үүслээ гэж бодоход дээрээс унах эрсдэлтэй зүйлээс аль болох хол байх хэрэгтэй.
– Газар хөдлөлт аюултай шатлалд хүрсэн тохиолдолд нийслэлийн хэмжээнд иргэдийн “хоргодох байр” хэчнээн байгаа вэ?
– Тэмдэглэгээ бүхий хоргодох байрууд байгаа. Иргэн ч бай, аж ахуйн нэгж ч бай өөрийн гэсэн хоргодох байртай болох ёстой. Түр хугацаанд байрлах газрыг л хэлээд байгаа шүү дээ.
– Байгууллага болгон гамшгаас хамгаалах төлөвлөгөөтэй байх ёстой юу?
– Ер нь төлөвлөгөөг хэрэгтэй болохоор л хийж байгаа юм. Аль дүүргийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаагаа явуулж байна, тухайн дүүрэг бүрд байгаа Онцгой байдлын хэлтсийн мэргэжилтэн нь хяналтаа тавина. Уг нь төлөвлөгөөгөө хянуулж, зөв тоо өгөх нь чухал юм. Гэтэл сүүлийн үед интернетээс төлөвлөгөө хуулж тавих нь ихэссэн. Гэтэл өөрийн компани, үйл ажиллагаанд тохирсон гамшгийн төлөвлөгөөг боловсруулах ёстой шүү дээ. Гамшгийн нөхцөл байдал үүссэн тохиолдолд хүмүүс хаана байрлаж, хэдэн удаа хооллох юм, биедээ ямар зүйл авч явах, яаж цуглуулах гээд олон асуудлыг шийдэх гарцыг тусгасан байдаг.
Жишээлбэл, нийтийн тээвэр зогсчихсон үед хэрхэн ажил дээрээ ирэх вэ гэх мэт бүгдийг нь тусгах учиртай. Боловсруулсан төлөвлөгөөгөө бид амьдрал болгох ёстой. Төлөвлөгөө батлуулаад ширээнийхээ шургуулгад хийгээд мартах бус өглөө бүр хар. Харин зарим төлөвлөгөө дээр тэтгэвэртээ суугаад таван жил болчихсон хүний нэр явж л байдаг. Ингэх нь буруу шүү.
– Дохиоллууд хэдэн баллын газар хөдлөлтөд дуугардаг юм бэ?
– Зөвхөн аюултай нөхцөл байдал үүссэн тохиолдолд л дуугарна шүү дээ. Чичиргээ үүсэх тоолонд дуугараад байвал ард иргэд тоохоо байчихна. Ногоон түвшин 5-8 балл, шар түвшин 8-9 балл, улаан түвшин 9-12 баллын хүчтэй байдаг. Эхлээд манай улсын байшин барилга хэдэн баллд тэсвэртэй гэдгийг тооцдог. Дохиолол дуугарсан үед аюултай нөхцөл байдал үүслээ гэж ойлгох хэрэгтэй. Харин үнэхээр байдал бишидвэл иргэд өөрсдийгөө хамгаалах талаар бодож таарна.
Эх сурвалж: Үндэсний шуудан