2021-2022 оны Хичээлийн жил эхлэх гэж байгаатай холбогдуулан БШУЯ Эрүүл мэндийн яамтай хамтран Ажлын хэсэг байгуулж, сургуулийн өмнөх боловсрол олгох цэцэрлэгүүдэд эхний ээлжинд 4-5 настай хүүхдүүдээ хүлээн авна хэмээн шийджээ.
Томууны улирал эхлэхэд 2-5 настнууд хамгийн эмзэг, томуу болон томуу төст өвчинд хамгийн түрүү өртдөг. Тэдний хувьд коронавирусийн эсрэг вакцинд хамрагдаагүй байгаа. Есдүгээр сарын 1-нд цэцэрлэгүүд танхимаар сургалтын үйл ажиллагаагаа эхлэх учраас боловсролын байгууллага эцэг эхийн хамтын ажиллагаа чухал. Цэцэрлэг доторх ариутгал халдваргүйтгэл хийх дэг журмыг БШУЯ боловсруулж, Эрүүл мэндийн сайдын хамтарсан тушаалаар батлахаар бэлдэж байгаа гэж яамныхан өнөөдөр мэдээлэл өгөв.
Есдүгээр сарын 1-нд цэцэрлэгүүд 4- 5 настай хүүхдүүдийг хүлээн авах бэлтгэлийг хийж байна. Өмнө нь цэцэрлэгт явж байсан хүүхдүүд үргэлжлэн хамрагдах бөгөөд 4, 5 наснуудыг эцэг, эхийнх нь саналыг харгалзан хүлээн авах юм байна.
Улсын хэмжээнд таван настай 77,185 хүүхдийг сургуулийн өмнөх боловсролын үйлчилгээнд бүрэн хамруулахыг зорьж байгаа бөгөөд нэг ангид 20 дээр нэмэх, хасах тав гэсэн зохион байгуулалтаар хичээллүүлэхээр тооцож байгаа юм байна. Энэ нь нэг бүлэгт хамгийн дээд тал нь 25 хүүхэд суралцана гэсэн үг юм.