Эрүүгийн цагдаагийн газар болон Соёлын яамны харьяа Соёлын өвийн газар хамтран өнөөдөр (20216.08.12) соёлын өвийн хулгайн гэмт хэргийн талаар мэдээлэл өглөө. Цар тахалын эсрэг тавигдаж байгаа хорио, хүний хөдөлгөөн тасарсан нөхцөл байдал нь орон нутгийн музей болон бусад соёлын өвийг хадгалдаг газруудад халдах, эд зүйл хулгайлах явдлыг мэдэгдэхүйц нэмэгдүүлж байна.
Соёлын өвийн эсрэг гэмт хэргийн хохирогч нь Монголын ард түмэн болоод нийт хүн төрөлхтөн байдаг. Иймд гаргахгүй байх талаас нь бодлого үйл ажиллагаагаа хэрэгжүүлэх нь чухал байдаг. Тиймээс соёлын өвийн эсрэг гэмт хэргээс урьдчилан сэргийлэхэд ард иргэдийн оролцоо чухал байна хэмээн албаныхан иргэдэд хандан уриалж байна.
Манай улсад соёлын өвийн эсрэг гэмт хэргийг Эрүүгийн хуульд тусган хуульчилж, мөрдөж эхэлсэн хугацаа буюу 2017 оны долдугаар сарын 1-нээс хойш 25 бүртгэгджээ. Харин соёлын өвийн эд зүйлийг хадгалагдаж буй музей, хийдээс нь хулгайлах төрлийн гэмт хэрэг жил тутамд нэмэгдэж байгаа аж.
Мөн соёлын өвийн эсрэг гэмт хэрэг, соёлын өвд учирсан хохирлыг бууруулахад бүртгэл чухал байдаг талаар ч сануулав. Хуульд зааснаар өмчлөгч нь өөрт хадгалагдаж буй соёлын өвийг бүртгэл мэдээллийн санд бүртгүүлсэн байх ёстой. Хэрэв эд зүйлсээ мэдээллийн санд бүртгүүлсэн бол учирсан хохирлыг бууруулах, хулгайлагдсан эд зүйлсийг үндэсний хэмжээнд цаашлаад олон улсын хэмжээнд эрэн сурвалжлах зэргээр олдох боломж нь нэмэгддэг байна.
Нөгөө талаар хөдөө орон нутагт, хээр байх булш, туурь, хиргисүүрийг ухах, тонон дээрэмдэх явдал гардаг. Булш, туурь ухаж, соёлын өв хулгайлж байгаа иргэдийн мэдээллийг малчид, иргэд цаг алдалгүй хуулийн байгууллагад мэдэгдэх ёстой. Соёлын өвийг хамгаалахад идэвх санаачилгатай оролцсон иргэнийг урамшуулах журам байдаг учраас энэ тал дээр иргэдийн оролцоог татан оролцуулах нь зөв гэж холбогдох албаныхан үзэж байна.