Монголын бурхан шашны төв Гандантэгчэнлин хийдэд өнөөдөр (2021.08.12) “Хамба номун хан” гавж, Дэмбэрэлийн Чойжамц ламд “Бат-Оршил” өргөх ёслол боллоо. Ёслолын ажиллагаанд лам хуваргууд болон төрийн өндөр дээд албан тушаалтнууд, Элчин сайдуудын төлөөлөл, уяачид, бөхчүүд сүсэгтнүүдийн төлөөлөл оролцов.
“Бат-Оршил” өргөх ёслолыг энэ жил анх удаа зохион байгуулагдаж байгаа бөгөөд Монголын бурхан шашны төв Гандантэгчэнлин хийдийн үе үеийн тэргүүн хамба лам нарын удирдан манлайлсан үүрэг, нэр хүнд, үйлс зохиолыг сэргээн тодотгосон түүхэн их үйл явдал аж.
Хорин есдүгээр Хамба Номун хан, гавж Дэмбэрэлийн Чойжамц нь Гандантэгчэнлин хийдийн дэд хамба, Да ламын мяндаг тушаалыг 1986-1992 онд хашиж байсан. Монголын бурханы шашинтны төвийн тэргүүн лам нарын зөвлөлийн хурлын 2018 оны есдүгээр сарын 29-ний өдрийн нэгдүгээр тогтоолоор Өндөр гэгээний үеэс улиран залгамжлагдсан Хамба номун ханы дамжлага, Гандантэгчэнлин хийдийн шашинд зүтгэсэн гавъяа, тус хийдийг тэргүүлж байсан тэргүүн хамба нарын үйлс бүтээл зэргийг үнэлэн дүгнэж 1944 оноос тус хийд тэргүүн хамба ламын өндөр мяндаг тушаалыг хашиж байсан хамба лам нарт Хамба номун хан цол хэргэмийг нөхөн өргөмжилөн олгосон байна.
Уг тогтоолыг дэмжиж Монгол Улсын Ерөнхийлөгч асан Х.Баттулга 2021 оны зургадугаар сарын 14–ний өдөр зарлиг буулган Гандантэгчэнлин хийдийн тэргүүн их хамба ламд “Хамба номун хан” цол хэргэм өргөжилснийг соёрхож баталсан аж. Иймд өнөөдрийн үйл ажиллагааг олон нийтэд нээлттэй хэлбэрээр хийж байгаа юм байна.