Япон Засгийн газар БНАСАУ-ын мягмар гарагт хөөргөсөн баллистик пуужингийн тусгалыг 5.5 мянган км гэж дүгнэжээ. Энэ тухай лхагва гарагт Япон сайд нарын танхимын ерөнхий нарийн бичгийн дарга Ёшихидэ Суга мэдэгдлээ. “Тус пуужингийн тусгал 5.5 мянган км-ийг давах өндөр магадлалтай байна” гэжээ. Тэгэхээр энэ нь тив алгасагч баллистик пуужин мөн гэсэн үг юм. БНАСАУ-ын төв телевизээр мягмар гарагт “Хвасон-14” тив алгасагч пуужинг амжилттай туршсанаа зарласан юм.
Тэгвэл өчигдөр АНУ, Өмнөд Солонгосын зэвсэгт хүчнийхэн БНАСАУ-ын үйлдэлд хариу барьж, пуужингийн буудлагын хамтарсан сургуулилт явууллаа. Энэ тухай Өмнөд Солонгост байршилтай АНУ-ын цэргийн бүрэлдэхүүнээс мэдээллээ. Энэхүү сургалт нь Хойд Солонгосын тогтворгүй, хууль бус алхмыг эсэргүүцсэн үйлдэл гэнэ.