ОХУ-ын Батлан хамгаалах яамнаас жил бүр уламжлал болгон зохион байгуулдаг “Олон улсын цэргийн наадам-2021” тэмцээний хүрээнд явагдах “Аравт-2021” олон улсын морин цэргийн болон “Цэргийн ралли” автомашины уралдаанд оролцох Монгол Улсын зэвсэгт хүчний баг тамирчид өнөөдөр ОХУ-ыг зорьж байна. “Аравт” олон улсын морин цэргийн уралдааныг ОХУ-ын Тува улсын нийслэл Кызыл хотноо зохион байгуулж байгаа юм.
Уралдаанд оролцох Монгол Улсын зэвсэгт хүчний баг тамирчдыг Монголын талын зохион байгуулах хорооны дарга, ЗХЖШ-ын Ажиллагааны удирдлагын газрын дарга, бригадын генерал С.Дашзэвэг ахалж байна.
Мөн “Танкийн биатлон” олон улсын тэмцээнд оролцох бүрэлдэхүүнийг ЗХЖШ-ын Материал, техникийн газрын штабын удирдлага, төлөвлөлтийн ахлах мэргэжилтэн, дэд хурандаа Х.Санчирдорж ахалж оролцохоор болжээ.