Ардчилсан намаас УИХ-ын 18, 28 дугаар тойргуудад явагдах нөхөн сонгуульд оролцохоо мэдэгдсэн. Энэ дагуу холбогдох баримт бичгүүдээ хүргүүлснээр тус намын Сонгуулийн мөрийн хөтөлбөр хуульд заасан шаардлагад нийцсэн талаарх дүгнэлт, Хандивын тайланг Төрийн аудитын байгууллага хянаж баталгаажуулсан байна.
Аудитын байгууллагын дүгнэлтэд “Ардчилсан намын Сонгуулийн мөрийн хөтөлбөр нь Монгол Улсын Их Хурлын сонгуулийн тухай хууль, Төсвийн тогтвортой байдлын тухай хууль, Монгол Улсын тогтвортой хөгжлийн үзэл баримтлал-2030, Монгол Улсын урт хугацааны хөгжлийн бодлого “Алсын хараа 2050”-д тус тус нийцсэн байна” гэж дүгнэжээ.
Мөн Ардчилсан нам нь 2020 оны нэгдүгээр сарын 1-ний өдрөөс арванхоёрдугаар сарын 31-ний өдрийг хүртэл хугацаанд Улс төрийн намын тухай хуулиар тавьсан шаардлагын дагуу хандив хүлээн авсан болохыг баталгаажуулсан байна.
Ирэх аравдугаар сард Сонгинохайрхан дүүрэг болон Хэнтий аймагт болох нөхөн сонгуулиудад Ардчилсан нам хуулийн дагуу нэр дэвшүүлэн өрсөлдөх бэлтгэлээ ийнхүү хангажээ.