Токиогийн олимпын чөлөөт бөхийн 53 кг-ын жинд барилдсан Монгол Улсын тамирчин Бат-Очирын Болортуяа хүрэл медаль хүртсэнээр Монголын баг тамирчид Зуны XXXII олимпоос дөрөв дэх медалиа авч, Олимпын тэнгэрт Төрийнхөө далбааг мандууллаа.
Олимпоос хүрэл авсныхаа дараа “Медаль авсандаа баярлаад ханахгүй байна. Тусалж дэмжсэн бүх хүмүүстээ баярлалаа. Та нарынхаа итгэлийг алдсангүй олимпын медаль авсандаа баярлаж байна. Яг одоо аав минь маш их баярлаж байгаа байх. Аав аа охин нь таныхаа итгэлийг алдаагүй шүү” хэмээн сэтгэл хөдлөлөө илэрхийлсэн Б.Болортуяа Монголын чөлөөт бөхийн спортын залуу од болон тодорлоо. Тэр энэ жил 23 настай.
Нэгэнтээ “Чөлөөт бөх бол миний аз жаргал. Би дуртай зүйлээ хийж байна гэж бодоод дэвжээн дээр гардаг” хэмээж байсан Б.Болортуяагийн тухай товчхон:
-1997 онд Ховд аймгийн Булган суманд төрсөн, дөрвөн охинтой айлын гурав дахь охин.
-Дөрвөн настай байхад нь буюу 2001 онд аав, ээж нь Булган сумаас хот руу шилжиж ирсэн. 2011 оноос чөлөөт бөхөөр хичээллэж байгаа.
-Бага насаа Нисэхэд өнгөрүүлж ХУД-ийн 114 дүгээр Ерөнхий боловсролын сургууль болон МУБИС-д чөлөөт бөхийн дасгалжуулагч мэргэжлээр төгссөн.
-Гавьяат дасгалжуулагч Т.Сүхбаатар, ОУХМ С.Мөнхсүх, Б.Оюунсүрэн нарын шавь
-2013 онд чөлөөт бөхийн өсвөр үеийн Улсын аварга шалгаруулах тэмцээнээс анхны медалиа хүртсэн. Энэ бол Улсын аваргын хүрэл медаль байсан.
-Азийн АШТ болон Иван Ярыгиний “Алтан Гранпри”-гийн хүрэл, “Монголиа Опен” Олон улсын тэмцээний нэг мөнгө, хошой хүрэл медальтай.
-2019 онд Казахстаны нийслэл Нур-Султан хотод болсон ДАШТ-д анх удаа зодоглож ДАШТ-ний хүрэл медалийг эх орондоо авчирсан. Энэ тэмцээний ялалт, медаль хоёр нь түүнд Токиогийн олимпын дэвжээнд хүч үзэх эрхийг авчирсан. Нур-Султаны ДАШТ Б.Болортуяагийн дэлхийн дэвжээнд зодоглосан анхны тэмцээн байсан бол түүний хүрэл медаль Монголын чөлөөт бөхийн тамирчдын эх орондоо авчирсан 33 дахь медалиар бүртгэгджээ.
-Б.Болортуяа Японы Нагояа хотын “Ичиши” клуб болон Турк улсад хамтарсан бэлтгэл хийж байсан. Нагояагийн бэлтгэл дээр олимпийн гурван алт, нэг мөнгөн медальтай, Дэлхийн 13 удаагийн аварга Саори Ёшидо, Рио-2016 олимпийн наадмын аварга, Дэлхийн гурван удаагийн аварга Эри Тосока нартай хамтран бэлтгэл хийж байсан.
Бэлтгэсэн: Н.ЦАЦРАЛ