Санхүүгийн зохицуулах хорооны дарга С.Даваасүрэн БНСУ-ын Санхүүгийн үйлчилгээний агентлаг (СҮА)-ийн Үнэт цаас фючерсийн хорооны орон тооны гишүүн, доктор Ван Жил Ёо, мөн тус байгууллагын олон улсын санхүүгийн албаны дэд дарга Бум Сиок Чой нарыг хүлээн авч уулзлаа.
Ноён Ван Жил Ёо болон Бум Сиок Чой нар Улаанбаатар хотноо зохион байгуулагдсан “Монгол-Солонгосын санхүүгийн хамтын ажиллагааны форум 2017” арга хэмжээнд оролцохоор иржээ. Тэд Санхүүгийн зохицуулах хорооны дарга С.Даваасүрэнд чухал албанд томилогдсонд нь баяр хүргээд Солонгосын СҮА-ийн Үнэт цаас фючерсийн хорооны үйл ажиллагаа, эрх үүрэг, бүтцийн талаар танилцуулж ярилцлаа.
Тус Хороо нэлээд өвөрмөц бүтэцтэй бөгөөд даргыг нь БНСУ-ын Ерөнхийлөгч томилдог байна. Бодлого зохицуулалтын үйл ажиллагааг эрхэлдэг 250 гаруй албан хаагч, хяналт шалгалтын 2000 гаруй байцаагчтайгаар үйл ажиллагаагаа явуулдаг ажээ. Гэхдээ төрөөс хараат бусаар ажилладаг тул хагас төрийн байгууллага гэгддэг байна.
Санхүүгийн зохицуулах хороо болон Монголбанк БНСУ-ын Санхүүгийн үйлчилгээний агентлагтай 2010 оны 10 дугаар сарын 3-нд гурвалсан санамж бичиг байгуулсан юм. Энэ хүрээнд хил дамнасан хяналт шалгалтыг өргөжүүлэх, мэдээлэл солилцох чиглэлээр хамран ажиллаж ирсэн юм.
Ижил төстэй үйл ажиллагаа эрхэлдэг байгууллагын хувьд цаашдын хамтын ажиллагааг өргөжүүлэх, Санхүүгийн зохицуулах хорооны үйл ажиллагааг дэмжихэд бэлэн гэдгээ ноён Ван Жил Ёо илэрхийллээ.
Эх сурвалж: Санхүүгийн зохицуулах хороо