Олон хүн Испанийн VI Фелипе хааныг төгс хүн хэмээн үздэг. Түүнийг хайр татам хань, халамжтай эцэг, гурван дипломтой, олон саяын баялагтай, царайлаг, бие хаа гоё, 1,97 метр өндөр нуруутай хүн гэдгээр нь ард түмэн мэднэ. Испаничууд ялангуяа түүнийг эцэг, өмнөх хаан Хуан Карлостойгоо харьцуулан эерэг ханддаг юм.
Гэтэл түүний эцэг авлигын болон секс дуулианд нэлээд хэдэн удаа холбогдсон гэмт үйлдлээрээ зартай нэгэн байв. Испанийн хааны гэр бүлийн тансаг амьдралын тухай Лента.ру сайт бүх цаг үе, ард түмний улс төрийн зүтгэлтнүүдийн тухай цувралдаа оруулсныг орчуулан хүргэж байна.
«Юу хуульд нийцэх, нийцэхгүйн тухай ойлголтгүй хаан»
«Хаан юу хуульд нийцэх, нийцэхгүй талаар ойлголтгүй байсан. Нэг удаа тэр гэнэт л Мароккогийн хаан өөрт нь дөнгөж сая 3 сая еврогийн үнэтэй үл хөдлөх хөрөнгө бэлэглэчихлээ гээд л энэ бэлгийг өөрт нь шилжүүлэхийг гуйж байлаа. Гэвч би хүсээгүй. Энэ бол мөнгө угаасан хэрэгт тооцогдох байх, би шоронд орох байлгүй гээд хэлчихсэн» хэмээн хуучин хаан Хуан Карлосын амраг байсан бүсгүй цагдаад хувийн яриа үеэрээ өчжээ.
Германы гүнж Коринна цу Сайн-Витгенштейн яриаг бичиж байгааг сэжиглээгүй бөгөөд энэ мэдээлэл гурван жилийн дараа Испанийн хэвлэл мэдээллийн хэрэгслээр тархжээ. Тэрбээр өмнөх удирдагч болон түүний туслахууд Сарсуэлийн хааны ордон руу хэдэн сая евро яаж зөөвөрлөдөг байсан, Хуан Карлосын гэр бүлийн бүх зардлыг оффшор сангаас бэлнээр хэрхэн төлдөг байсныг өнгө будагтай нь ярьж өгчээ.
Ингээд хуучин хаанд эрүүгийн хоёр хэрэг үүсгэсний нэг нь төрөлх Испанид нь, нөгөөх нь Швейцарт үүссэн хэрэг байв. Хуан Карлосын нэр хүнд эрс унав. Гэвч энэхүү түүх болон авлигын бусад дуулиантай холбоотой бүхий л хүнд хүчир зүйл 2014 онд хаан ширээг өв залгамжлан авсан хүү Фелипед нь иржээ.
Хуан Карлос хааны хаан ширээнээсээ татгалзсан албан ёсны шалтгаан нь эрүүл мэндийн байдал. Гэхдээ бүх зүйл хааны гэр бүлийг тойрсон томоохон дуулиантай холбоотой гэдгийг бүгд мэддэг байв.
Хуан Карлос I де Бурбон 39 жил хаан ширээнд суусан юм. Энэ улстөрч улс орондоо ардчилсан шинэчлэлийг явуулж, улс төрийн намуудыг хууль ёсны болгож, хүний эрх, эрх чөлөөг баталгаажуулсан шинэ Үндсэн хуулиа баталж, түүнчлэн Испани даяар ижил хүйстний гэрлэлтийг хүлээн зөвшөөрсөн байна. Гэвч түнийг эцгээ нас барсны дараа 2,2 сая еврогийн өв залгамжилсан, татвараа төлөөгүй гэсэн мэдээлэл гармагц удирдагчийн өмнөх гавьяаг мартаж орхижээ.
Энэ гэр бүлийн бусад гишүүдийн нэр хүнд ч төгс гэхэд хэцүү байсан юм. Ялангуяа хааны охин, Кристина гүнж болон түүний нөхөр хуучин гандболист байсан Пальмын герцог Иньяки Урдангарин нар хаанд улам тээр дараа болж байв. Тэд мөнгө угаасан, татвараас зайлсхийсэн, сайн үйлсийн сангаас 6 сая еврог хувийн хэрэгцээндээ үрэн таран хийсэн нь мөрдлөгөөр илэрчээ.
Гэтэл 2012 онд Ботсванд болсон нэгэн түүх Хуан Карлосын нэр хүндэд томоохон цохилт болжээ. Испанийн хаан санхүүгийн хямралын ид оргил, ажилгүйдэл хүн амын 26 гаруй хувийг хамарсан үед Африк руу ан хийхээр явж байна. Албатууд нь түүнийг өөрсдийнх нь татварын мөнгөөр зугаацаж цэнгэхээр явсан хэмээн буруутгаж, өнөөх нь ч үүнийг нуун далдлах гэж оролджээ.
Хэрэв зээ хаан унахдаа хүзүүгээ хугалаагүй бол хэвлэл мэдээллийн хэрэгслүүд уг аяллын талаар мэдэлгүй өнгөрөхөөр байв. Хааны үйлдэл амьтан хамгаалагчдыг ч бухимдуулж, Дэлхийн байгаль хамгаалах сангийн хүндэт ерөнхийлөгчид тооцож байсан Хуан Карлосын цол хэргэмийг нь хураан авчээ.
Тэгтэл хаан хилийн чанадад нууц амрагтай гэсэн мэдээлэл гал дээр тос нэмж орхив. Германы гүнж 49 настай Коринна цу Сайн-Витгенштейнтэ аялж, энэхүү аяллынх нь мөнгийг Саудын магнат төлсөн болж таарчээ. Энэ эмэгтэй хаантныг хувийн аяллуудад нь үргэлж дагалдан явж, гэргий, София хатан нь гэртээ үлддэг нь тогтоогджээ.
Үүнээс гадна Коринна Мадридад хааны албан ёсны ордны өмнө гэртэй болжээ. Консорт хатан Софиядаа зөөлөн дулаан ханддаг испаничууд хааныхаа араар тавилтыг уучилж чадсангүй.
Хатан урьдын адил
Хатны хувьд Европын хааны гэр бүл дотроо урьдын адил хамгийн загварлаг, дэгжинд тооцогдсон хэвээр бөгөөд ихэвчлэн цайвар цагаан өнгийн даавуу, бриллиант, индранил чулуу зэргийг сонгодог. София ч мөн язгууртан гаралтай. Түүний эцэг Грекийн хаан байсан бол ээж нь Ханноверын гүнж байжээ. Испанийн ирээдүйн хатан хүүхэд ахуйдаа София Маргарита Виктория Федерика Шлезвиг-Гольштейн-Зондербург-Глюксбург нэртэй байсан.
Эхэндээ тэрбээр Германы нэгэн нэртэй хувийн эмнэлэгт сурч байгаад дараа нь Афины их сургуульд сурган хүмүүжүүлэх ухаан, археологи судлах болжээ. Грект хийсэн малтлагын үр дүнгээр тэрбээр хоёр ч ганц сэдэвт эссе бичиж, Оксфорд, Кембрижид хүндэт докторын зэрэг авчээ.
Консорт хатан спортоор идэвхтэй хичээллэж, 1960 оны Олимпод дарвуулт завины спортоор Грекийн үндэсний багт багтаж, нөөц тамирчин болж байв. Хоёр жилийн дараа Хуан Карлостой гэрлэж, хосын дундаас Елена, Кристина хэмээх хоёр охин, Фелипе хэмээх нэг хүү төржээ. 1975 онд түүний нөхөр хаан ширээ залгамжилсан юм.
София бүхий л амьдралынхаа туршид нийгмийн үйл ажиллагаанд идэвхтэй оролцож, урлагийг ивээн тэтгэж, боломж бололцоо муутай хүмүүсийг дэмжиж, мансууруулах бодистой тэмцэхэд тусалж байлаа.
Дахиад л хуучин хаан
Хуан Карлос хаан хаан ширээнээсээ бууснаас хойш 4 жилийн дараа 100 сая долларын тухай нэгэн таагүй түүх дахиад л дэгдэж эхлэв. Тэрбээр үүнийг Саудын Арабын өмнөх хаанаас бэлгэнд авч, Швейцарын банкин дахь дансанд байршуулжээ. Мөрдлөг шалгалтаар энэ мөнгийг 6,7 тэрбум долларын гэрээтэй холбоотой юу гэдгийг тогтоохоор одоо болтол ажиллаж байгаа юм. Энэ гэрээ нь Мекка, Медина хоёрыг холбосон Испанийн хурдны төмөр замын барилгын ажил байв.
Хуан Карлос хаан ширээнээс буух хүртэл ямар ч алдаа эндэгдэл гаргасан шүүхээс шалгахгүй байх дархлаатай. Гэсэн ч тэрбээр улсаасаа зугтах шийдвэр гаргасан юм.
Ингээд Испанийн нэгэн теле суваг хуучин хааныг хаана суурьшсаныг мэджээ. Тэрбээр Абу-Даби руу нүүж, тэнд нь эмиратын угсаа залгамжлагч хунтайж Emirates Palace зочид буудалд ерөнхийлөгчийн өрөө гаргаж өгчээ.
Энэ мэдээлэл хэвлэлүүдээр тархмагц хуучин хаан өөр, арай тусгаарлагдсан газар луу нүүхээр болжээ. Ингээд Хуан Карлос Абу-Дабигаас 15 км-ийн зайд орших нэгэн арал дээр байрлах 11 сая ам.долларын үнэтэй тансаг шилтгээнд иржээ.
1000 м.кв талбайтай түүний харш 4000 км.кв гаруй талбайтай эдлэн дээр оршдог. Эндээсээ шууд далайн эрэг рүү орж болно. Цогцолборын нутаг дэвсгэр дээгүүрээ Хуан-Карлос гольфын машинаар зугаалдаг. Түүний хоёр давхар шилтгээнд 6 унтлагын өрөө, 7 угаалгын өрөө, гоёмсог бассейн бий.
Испанийн шинэ хаан Фелипе хаан эцэгтэйгээ адилгүй гэдгээ харуулахыг хичээж, бүх зүйлд хэмжээ хязгаарыг сахидаг. Тэрбээр эцгийнхээ үлдээх гэж байсан бүх өв хөрөнгөнөөс татгалзжээ. Мөн цалингаа 20 хувиар хасаж, Хуан Карлост төсвөөс жил бүр болгодог 200 мянган еврогийн тэтгэмжийг зогсоожээ.
Испанийн хаадын гэр бүл өмнө нь Хааны ордонд амьдардаг байсан бол сүүлд нь хэтэрхий тансаг, алтадмал зүйлсээр чимэглэсэн ёслолын үдийн зоог барих заал л гэхэд хэтэрхий их зардалтай гэж үзжээ. Энэ ордон энд тэндгүй баримал, хөшөө, болор, торго, шаазантай, рококо стиль давамгайлдаг.
Фелипе Мадридын дагуул хотод байх Сарсуэлийн ордонд амьдрахыг чухалчилдаг. Энэ харшийг XVII зуунд барьсан бөгөөд анхандаа хаадын ангийн байшинд тооцогддог байв. Харин одоо энд хаан гэргий Летиция, хоёр охин Леонор, София нарын хамт амьдардаг.
Ордон дотор том цонхнуудтай зочны өрөө, сонгодог стилийн гал тогоо бий. Хаа сайгүй цэвэр модоор урласан тавилга, үнэтэй хивс, арьсаар бүрсэн буйдан байх аж. Ханыг нь Испанийн алдарт зураачдын бүтээлээр чимжээ. Эздийн унтлагын өрөө хоёрдугаар давхарт байрлана. Энд Фелипе хааны хувийн номын сан байдаг. Гуравдугаар давхарт зочдын танхим, өрөө бий.
Энэ гэр амралтаа ихэвчлэн хоёр харшдаа юм уу Канарын “Ла Марет”, эсвэл Пальм-де-Майоркагийн “Миравент”-д өнгөрүүлдэг аж.
Хааны үнсэлт
Хаант засаглалыг шүүмжлэгчид шинэ хаан Фелипег эцгийнхээ оффшорт нуусан хэдэн сараар дураараа дургиж, тансаг амьдардаг, элбэг хангалуунд дуртай хэмээн шүүмжилдэг. Үнэндээ тэдэнд үүнийг нотлох ямар ч баримт байхгүй. Ерөнхийдөө испаничууд хаандаа хайртай бөгөөд Дон Фелипе хэмээн хүндэтгэн ханддаг байна.
Фелипег хаан ширээнд суух үед хаант засаглалыг эсэргүүцсэн томоохон эсэргүүцэл дэгдэж байсан юм. Гэвч шинэ удирдагч улс орноо нэгтгэхийн тулд өөрөөсөө шалтгаалах бүхнийг хийнэ гэдгээ амлаж, албатууд нь ч түүнд итгэжээ.
Хааныг даруу, гаднаа хүйтэн харагддаг ч маш эелдэг, сониуч хүн хэмээн хүрээллийнхэн нь ярьдаг. Тэрбээр ихэвчлэн Цэргийн академид хамт алба хааж байсан хүмүүстэйгээ найзалдаг. Дөрвөн жилийн өмнө Лондонд айлчлах үеэрээ хатан хаан II Елизаветагийн хоёр хацрыг парадын үеэр үнсэж, олныг гайхширалд оруулсан гэдэг. Үүгээрээ тэрбээр Европын болон Британийн хаадын удмынхан хэрхэн дотно нөхөрлөдгийг харуулжээ.
Фелипе эцгээсээ илүү алдартай. Испаничууд хааны гэр бүлийг албатуудаасаа жилд ердөө л 9 сая ам.долларын авч аж төрдөгт баярладаг байна. Гэтэл Монакогийн хааны гэр бүлд жилд 50 сая ам.доллар зарцуулдаг аж.
Фелипе усан онгоцны клубын тэмцээнүүдэд оролцох, эхнэр, охидтойоо Мадридын DiverXO ресторанд оройн зоог барих дуртай. Олон арван хүүхнүүдтэй учирч явсан эцэгтэйгээ харьцуулахад тэрбээр хуучинсаг, гэр бүлсэг харагддаг. Харин бусад асуудалд нэлээд дэвшингүй үзэлтэн. Фелипе ордондоо ЛГБТ хөдөлгөөний төлөөлөгчдийг хүлээн авсан Испанийн анхны хаан болж байв.
Хаантан эцгийнхээ бэлэглэсэн хамаг үнэтэй бүхнээ дуудлага худалдаагаар борлуулсан юм. Хуан Карлосын спорт автомашинуудыг зарсны дараа улсын сандаа 500 мянган евро оруулж байсан түүхтэй. Үүнээс гадна тэрбээр гэр бүлийн гишүүдээ үнэтэй, чамин этгээд бэлэг авахыг хоригложээ. Фелипег хаан ширээ авах үед хааны гэр бүлийн рейтинг маш доогуур байсан бол удирдах хугацаандаа олон зүйлийг засаж өөрчилж чадсан гэдэг.
Эх сурвалж: Lenta.ru