Замын-Үүд боомтын Төрийн байгууллагуудын дарга нарыг авилгын хэргээр саатуулагдах шалтгааны эхлэл болсон боомтын ачаа бараа тээх автомашин ариутгах хаалга солигдож байгаа юм байна. Хөдөө хээр тааралдах эзэнгүй 00 шиг навсгар, ариутгалын байгууламж нэртэй цоорхой бризент, хаалга нэртэй энэ зүйл Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн нэрийн хуудас болтолоо шүүмжлэл дагуулсан нь хаалгыг солих ажил хурдтай явагдахад нөлөөлсөн бололтой.
Өнгөрсөн хугацаанд энэ хаалган дээр ачаа бараа түгжирч, БНХАУ-ын талд ч, Замын-Үүд дээр ч хүлээлт үүсэж, үр дүнд нь дотоодод бараа таваарын үнэ хэд дахин өссөн.
Улаанбаатараас томилогдон ажил сайжруулахаар Замын-Үүдэд очсон шинэ баг БНХАУ-аас стандартын шаардлага хангасан шинэ ариутгалын хаалга оруулж ирэн Монголоос гарах буюу экспортын ариутгалын хаалгаа суурилуулаад дуусч байгаагаа мэдэгджээ.
Мөн шинээр томилогдсон баг бүрэлдэхүүн иргэддээ хүнд сурталгүй үйлчлэх тал дээр анхаарч, санал гомдол хүлээн авч шуурхай шийдвэрлэх 96361281 дугаарыг өдөр бүр 08:00-20:00 цагийн хооронд тогтмол ажиллуулж эхэлжээ. Иргэд энэ утсанд гаалийн байгууллагын ажилчдын хандлага, ёс зүй, санал гомдлоо хэлэхээс гадна хориотой, хязгаарлалттай холбоотой бараа бүтээгдэхүүний мэдээллийг авч болох юм байна.