ОХУ-д суралцдаг оюутнууд өчигдөр (2021.07.23) УОК болон Гадаад харилцааны яаманд хандан сургуульдаа очиж суралцах боломжоор хангах хүсэлт хүргүүлсэн бол өнөөдөр БНХАУ-д суралцдаг оюутнууд мөн Гадаад харилцааны яамны гадаа цугларч Хятадад очиж танхимаар суралцах хүсэлтэй байгаагаа сайд Б.Батцэцэгт мэдэгдэхээр оюутнуудаас гарын үсэг цуглууллаа.
Коронавирусын тархалтаас үүдэн БНХАУ хилээ хаасан ч Монгол Улсын тухайд тус улсаас тодорхой хэмжээний ажиллах хүчийг нарийн горимын дагуу авчирч байна. Мөн БНХАУ-ын тал Монгол Ковид-19 халдварын эсрэг вакцинжуулалт эхлэх үеэр “Хятадад үйлдвэрлэгдсэн вакцин тариулсан гадаадын иргэдийг хилээрээ чөлөөтэй нэвтрүүлнэ” хэмээн мэдэгдээд байсан. Монгол иргэдийн хувьд ихэнх нь Хятадын Синофарм компанийн Вероселл вакциныг тариулсан байгаа.
Энэ сарын 27-нд Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг БНХАУ-ын Гадаад хэргийн сайд Ван И-гийн урилгаар урд хөршид айлчлах гэж байгаа. Энэ айлчлалын үеэр оюутнууд өөрсдийнх нь асуудлыг хэлэлцэн шийдвэрлэж, БНХАУ-д сургуульдаа очих боломжоор хангах хүсэлтэй байгаагаа илэрхийлээд байна.
БНХАУ-д суралцаж байгаа оюутнуудын хувьд ОХУ-д суралцдаг оюутнуудтай ижил үйлдвэрлэлийн дадлага хийх нөхцөл боломж байхгүй, зайлшгүй танхимаар хичээллэх ёстой, эс бол сургуулиасаа жилийн чөлөө авч, хугацаа алдахад хүрч байгаа. БНХАУ-ын Засгийн газрын тэтгэлэгээр суралцагчид хувийн зардлаар суралцах нөхцөл ч үүсч мэдэхээр байгаа юм байна.
БНХАУ нэгдүгээр сард гадаадад сурдаг оюутнуудыг хүлээн авах хугацаа болоогүй. Цар тахлын дэгдэлтээс урьдчилан сэргийлэх аюулгүй байдлыг бүрэн хангасны дараа гадаад оюутнуудыг эргэн ирж, танхимаар хичээллэх асуудлыг зохион байгуулах болно” хэмээн мэдэгдэж байсан юм.