Итали улс наймдугаар сараас эхлэн “ковидын нэвтрэх бичиг”-тэй болно. Ийм нэвтрэх бичгийг саяхан Франц нэвтрүүлсэн юм. Цаашид цар тахалд хамгийн ихээр нэрвэгдсэн Европын бүх улс ийм бичигтэй болох төлөвтэй байна.
Италийн нэвтрэх бичиг нь Green Pass нэртэй бөгөөд ядаж нэг тун вакцин хийлгэсэн, коронавирус саяхан тусаад эдгэрсэн, эсвэл шинжилгээгээр сөрөг гарсан хүмүүст олгох юм байна.
Францын адил ковидын нэвтрэх бичиг нь италичууд, аялагчдыг клуб, кино театр зэрэг газруудаар үйлчлүүлэх боломж олгоно. Ерөнхий сайд Марио Драгийнх нь хэлснээр, алдагдалд орсон газруудаа дэмжихээр ийм арга хэмжээ авахаар болсон гэнэ. Энэ арга хэмжээг авахгүй бол халдварын тоо нэмэгдэж байгаа энэ үед шинээр хөл хорио тогтоох ч магадлал нэмэгдэнэ гэдгийг тэрбээр анхааруулсан аж.
Италид “Дельта” хувилбар эрчимтэй тархаж байна. Пүрэв гарагт тус улсад халдварын шинэ тохиолдлын тоо 5075 хүрч, долоо хоногийн дотор бараг хоёр дахин нэмэгджээ.
Хөрш Францад нь лхагва гарагаас нэвтрэх бичиг үйлчилж эхэлсэн ч хүмүүс үүнийг эсэргүүцэн жагссан байна. Францад халдварын тоо долоо хоногийн дотор өсөж, өдөрт 11 мянга гардаг байсан бол 22 мянга болж нэмэгджээ.