Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газраас шатахуун импортлогч, борлуулагч компаниудад хийсэн хяналт шалгалтын тухай болон авсан арга хэмжээний талаар Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газрын дарга Б.Бат-Эрдэнэ танилцууллаа.
Тус газар автобензин, дизель түлшнээс дээж авч ГЕГ, ИНЕГ, МХЕГ, Газрын тосны газрын лаборатортай хамтран шинжилгээ хийжээ. Шалгалтын хүрээнд нийслэлд үйл ажиллагаа явуулж буй 28 аж ахуй эрхлэгчийн 19 агуулах, 17 шатахуун түгээх станц, 10 вагоноос нийт 76 дээж авсан бөгөөд автобензиний 32 дээжээс 13 нь хөдөлгүүрийн түлш. Этилжүүлээгүй бензин буюу шаардлага хангахгүй нь тогтоогджээ. Мөн зургаан аж ахуйн нэгжийн долоон дээжээс механик хольц илэрч, стандартын шаардлага хангахгүй нь батлагджээ.
Үүнээс гадна долоон шатахуун түгээх станц, найман агуулах, нэг вагоноос авсан дээж стандартын шаардлага хангаагүй байна. Зөрчил илэрсэн 22 аж ахуй эрхлэгчийг торгох шийдвэр гаргасан байна. Шалгалтын явцад Монгол Улсад хуурамч шатахуун орж ирсэн нь тогтоогдоогүй. Олон улсад шатахууны чанарыг шалгадаг 18 үзүүлэлт байдаг бөгөөд Монгол Улс өнөөдөр 14 үзүүлэлтийг шинжилж байгаа аж.
ШӨХТГ 2018-2021 онд шалгалт явуулж байсан бөгөөд энэ шалгалтуудын үеэр илэрсэн зөрчлийг давтагдсан ААН-үүдийн тусгай зөвшөөрлийг цуцлуулах саналыг УУХҮЯ болон Ашигт малтмал, газрын тосны газарт албан ёсоор хүргүүлэх гэнэ. 2020 оны хоёрдугаар сард МХЕГ-аас УУХҮЯ-нд зарим ААН-ийн тусгай зөвшөөрлийг хүчингүй болгох нь зүйтэй гэсэн албан шаардлага хүргүүлсэн ч энэ ажил одоог хүртэл яаманд хийгдээгүй байна.
Мөн Улсын баяр наадмын өмнө шатахууны үнэ нэмэгдсэн асуудал дээр нефть импорлогчид үгсэн хуйвалдсан нь тогтоогдоогүй гэж ШӨХТГ мэдээлэв.