БХБЯ-ны Барилга, барилгын материалын бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга  Д.Гантулга өнөөдөр (2021.07.22) Монгол Улсын 21 аймагт газар хөдлөлтийн ерөнхий болон бичил мужлалын зураг гаргах ажлын явцын талаар Шадар сайд С.Амарсайханд танилцуулахдаа “Улаанбаатар хотын газар нутгийн 98 хувь нь газар хөдлөлтийн 7-9 баллын мужид багтдаг” хэмээн хэлсэн байна.

Мөн 2021 он гарснаас хойш магнитуд нь гурав ба түүнээс дээших газар хөдлөлт 380 удаа болсон. Монгол Улсын газар хөдлөлийн бүсийн ерөнхий мужлалын зургаас үзвэл Баян-Өлгий, Увс, Баянхонгор, Говь-Алтай зэрэг аймаг газар хөдлөлтийн идэвхтэй бүсэд хамаарч байна.

Улаанбаатар хотын газар хөдлөлийн бичил мужлалын зургийг 1971 онд анх гаргасан. Үүний дараа Францын Засгийн газрын төслөөр Одон орон, геофизикийн судалгааны хүрээлэнд 2010 онд, сүүлд 2015 онд Улаанбаатар хот болон Эмээлт, Налайх, Багахангай, Багануур дүүрэгт газар хөдлөлтийн бичил мужлалын зургийг гаргаад байна. Үүнээс харахад 7-9 баллын мужид Улаанбаатар хотын газар нутгийн 98% нь орж байгаа.

2012 оноос хойш нийт 21 аймагт газар хөдлөлтийн бичил мужлалын зургийг хийхээр зорьж ажилласан. Энэ хүрээнд Архангай, Баян-Өлгий, Баянхонгор, Дорнод, Сүхбаатар, Хэнтий, Говьсүмбэр, Дорноговь, Дархан-Уул, Дундговь, Орхон, Өвөрхангай аймагт газар хөдлөлтийн бичил мужлалын зургийг хийж баталгаажуулсан.

Харин Булган, Говь-Алтай, Завхан, Өмнөговь, Сэлэнгэ, Төв, Увс, Ховд, Хөвсгөл аймагт уг ажил эхлээд байсан ч санхүүжилтийн улмаас зогсонги байдалд орсон. Дээрх есөн аймаг газар хөдлөлтийн бичил мужлалын зураг гаргаж дуусахад 1.5 тэрбум төгрөг шаардлагатай байгаа талаар албаныханд мэдээллээ.

By updown

Хариулт үлдээнэ үү

Таны имэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг * гэж тэмдэглэсэн