Монголын кино найруулагч Д.Бямбасүрэнгийн бүтээл “Алтан судал” кино энэ сараас эхлэн Герман улсад гарч эхлэх гэж байна. Германы уран бүтээлчид болон кино студитэй хамтран бүтээсэн уг киног Европт хамгийн түрүү Герман улсад толилуулахаар товлож байсан ч коронавирусний цар тахлын нөхцөл байдлын улмаас хойшлуулаад байсан юм.
“Basic Berlin” кино продакшн, “Монгол ТВ” телевиз, “Rundfunk Berlinbrandenburg”-ийн хамтын бүтээл найруулагч Д.Бямбасүрэнгийн “Алтан судал” уран сайхны кино нь Женев хотноо болсон хүний эрхийн “FIFDH” кино наадмаас хошой шагнал хүртсэн юм. Тус кино наадмаас Мэргэжлийн шүүгчдийн гол шагнал, Өсвөрийн шүүгчдийн шагналыг тус тус хүртжээ. Энэ нь уг кино наадмын түүхэнд нэг кинонд хоёр шагнал олгосон нь анхны тохиолдол болсон байна.
Найруулагч Д.Бямбасүрэнгийн “Ингэн тэмээний нулимс”, “Шар нохойн там” зэрэг кино дэлхийн 80 гаруй улс орны үзэгчдийн хүртээл болоод байна.