Эрчим хүчний салбарын 2021-2022 оны өвөлжилтийн бэлтгэл хангах төлөвлөгөө, түүнийг хэрэгжүүлэх талаар өчигдөр (2021.07.21) Засгийн газрын хуралдаан дээр Эрчим хүчний сайд Н.Тайванбэх танилцуулсан байна.
Сайдын хэлснээр салбарын хэмжээнд өвөлжилтийн бэлтгэл ажил энэ сарын 10-ны байдлаар 45.9 хувь, үүнээс үйлдвэр компаниуд 47.6, нүүрсний уурхайнууд 30 орчим хувийн гүйцэтгэлтэй байгаа. “Тавантолгой түлш” ХХК-ийн сайжруулсан шахмал түлшний түүхий эдийн нөөц энэ сарын 10-ны байдлаар дундын агуулахад 93 мянган тн, баруун болон зүүн бүсийн үйлдвэрийн хашаанд 70 мянган тонн байна.
Мөн нийслэлийн зургаан дүүрэгт байрлах 55 агуулах болон үйлдвэрийн агуулахад нийт 5.9 мянган тн сайжруулсан шахмал түлшний нөөцтэй байгаа аж. Эрчим хүчний салбарын өвөлжилтийн бэлтгэл хангах ажлын гүйцэтгэлд хяналт тавьж, явц болон тулгамдсан асуудлыг тухай бүр нь Засгийн газрын хуралдаанд танилцуулан шийдвэрлүүлэхийг Эрчим хүчний сайдад даалгажээ.