Монгол ардын намын Бага хурлын ээлжит XI хуралдаан өнөөдөр эхэлсэн. Хуралдаанаар намын 12 дахь даргаар Л.Оюун-Эрдэнийг сонгосон юм.
Уг хурал маргааш үргэлжлэх бөгөөд намын удирдах байгууллагын бүрэлдэхүүнд өөрчлөлт оруулах асуудлыг хэлэлцэх юм байна. Энэ талаар МАН-ын ерөнхий нарийн бичгийн дарга Д.Амарбаясгалан мэдээлэл өглөө.
Тэрбээр “МАН болон МАХН-ын нэгдэх процесс сонгуулийн өмнөөс эхэлсэн. Энэ хүрээнд намын шат шатны байгууллагад 30 хүртэл хувийн харьцаатай нэгдэн нийлэх тухай гэрээ хэлцэл хийсэн.
Тиймээс МАН-ын Удирдах зөвлөл болон Бага хуралд Хувьсгалт намд харьяалагдаж байсан журмын нөхөд маань орж ирж, хамтдаа улс төрийн үйл ажиллагаа явуулахаар болж байна. Энэ үйл ажиллагаа маргааш буюу зургадугаар сарын 26-нд үргэлжлэх Бага хурлаар шийдэгдэнэ” гэв.