Мэргэжлийн боловсрол, сургалт буюу МСҮТ-ийг хөгжүүлснээр Монгол Улсын чинээлэг дундаж давхаргыг илүү өргөжүүлэх боломжтой гэдгийг өнөөдөр буюу зургадугаар сарын 25-нд эхэлсэн “Мэргэжлийн боловсрол ба хөдөлмөрийн зах зээл” сэдэвт дата сэтгүүл зүйн цахим хакатоны нээлтийн үеэр ХНХ-ын сайд А.Ариунзаяа онцоллоо.
Тэрбээр “Монгол Улсад ерөнхий боловсролын сургуулиа төгсөж байгаа 10 хүүхдийн 2-3 нь л МСҮТ буюу мэргэжлийн боловсрол, сургалтыг сонгон сурч байна. Гэтэл бусад улсад, жишээ нь Германд 10 хүүхдийн 7-8 нь мэргэжлээ эзэмшдэг. Тус улс ажилчин ангиа илүү хөгжүүлсэн тул чинээлэг дундаж давхарга нь өргөжсөн.
Манай улсын хувьд дийлэнх нь эдийн засагч, хуульд гэх мэт мэргэжлээр их, дээд сургууль төгсдөг. Гэтэл хөдөлмөрийн зах зээл дээр барилга, уул уурхай, тогооч гэх мэт чадвартай мэргэжилтнүүдийн эрэлт их байна. Тиймээс Монголд чинээлэг дундаж давхаргаа өргөжүүлье гэвэл мэргэжлийн боловсрол, сургалтын салбарыг дэмжих шаардлагатай” гэсэн юм.
Тийм ч учраас Засгийн газар энэ чиглэлд анхаарч, өнөөдөр эцэслэн батлахаар зэхэж байгаа Хөдөлмөрийн тухай хуульд МСҮТ-ийг дэмжих тодорхой бодлогуудаа тусгасныг А.Ариунзаяа сайд дурдлаа. Тухайлбал, МСҮТ-ийн суралцагч үйлдвэрлэлийн дадлага хийхэд тухайн байгууллага хөдөлмөрийн хөлснийн доод хэмжээнээс багагүй мөнгөөр цалинжуулах ба байгууллагаас гарах НДШ-ийг төрөөс даах зохицуулалтыг тусгажээ.