Эртний хүмүүсийн удам угсаа Европ болон Ойрхи Дорнодод түгээмэл тархжээ.
Эрдэмтэд эртний Хомо Сапиенсийн ДНХ-ийн дарааллыг тогтооход Европын анхны хүмүүс дунд буюу тэдний ургийн модонд Неандерталь хүмүүс багтжээ. Эдгээр хүмүүс нь Болгар, Чехийн агуйгаас олдсон 45000 гаруй жилийн өмнөх эрмэл үлдэгдэл дээр хийсэн хоёр геномын судалгаагаар хожмын европчуудтай холбоогүй болох нь тогтоогдсон байна 1,2.
Израйлийн Тель-Авивын их сургуулийн палеогенетикч Вивиане Слоны хэлсэнээр, судалгаа нэмэгдсэнээр орчин үеийн хүмүүс Неандертальчуудтай болон устаж үгүй болсон бусад төрөл садан хүмүүстэй үе үе холилдож байсан болохыг нотлох баримтууд гарч ирж байна. “Неандертальчуудтай болон устаж үгүй болсон бусад төрөл садан хүмүүстэй өөр өөр цаг үед, өөр өөр газарт дахин дахин холилдож байсан”
Европ болон Азийн эртний хүмүүсийн генетикийн түүх бүдгэрсээр байна. Хэдийгээр судлаачид 430000 жилийн тэртээх Неандертальчуудын болон устаж үгүй болсон бусад төрөл садан хүмүүсийн ДНХ-ийн дарааллыг тогтоосон боловч эхний дээд палеолитын үе гэж нэрлэгддэг 47000-40000 жилийн өмнөх үеийн генетикийн мэдээлэл дутмаг мөн энэ үеэс өмнөх эрин үеийн Хомо Сапиенсийн ДНХ-ийн мэдээлэл огт байхгүй байна. Сибирь, Румынд хамаарагдаж байсан геномууд нь сүүлийн үеийн Европчуудынхтай тохирохгүй байсан бол 40000 жилийн настай Хятад хүнийх орчин үеийн Зүүн Азийн хүмүүсийн өвөг дээдэстэй зарим хэсгээрээ тохирч байсан юм.
Өнөөгийн бүх хүмүүсийн өвөг дээдэсийн ихэнх нь Африк хүн биш байгаа шиг эдгээр эртний Евразиуд ч гэсэн Неандерталийн ДНХ-ийг агуулж байсан байж болох юм. Судлаачид 50000-60000 жилийн өмнө Ойрхи Дорнод дахь овгууд хоорондоо холилдсоноос үүссэн байх магадлалтай хэмээн таамаглаж байв. Гэвч 2015 оны Peștera cu Oase хэмээх газраас илрүүлсэн 40000 жилийн настай Румын хүний олдвор дахин гайхшруулав: Тухайн хүний геномын судалгаагаар түүний сүүлийн дөрвөөс зургаан үе удмын өвөг дээдэс нь Неандерталь хүн байсан бөгөөд үүнээс үүдээд Европт эртний орчин үеийн хүмүүс Неандертальчуудтай эрлийзжиж байсан гэх санааг дэвшүүлжээ3.
Гэхдээ Европт эрлийзжих үйл явц нь түгээмэл байсан эсэхийг Oase-аас олдсон хүний геномоос тодорхойлох боломжгүй байв. Учир нь тэрээр Неандерталь хүн амын популяци аль хэдийн цөөрч, сийрэгжин тухайн бүс нутгаас устаж эхэлсэн тэр үед амьдарч байжээ. Хамгийн сүүлийн үеийн геномын судалгаанууд хоёулаа 4-р сарын 7-нд хэвлэгдсэн бөгөөд аль аль нь Европын анхны орчин үеийн хүмүүс, сүүлийн үеийн Хомо Сапиенс болон Неандерталиудын хоорондох холбоо хамаарлыг тодорхойлохоор шинэ асуултууд гаргаж ирэв. Үүний нэг судалгааны ажил нь Nature1-д хэвлэгдсэн бөгөөд Болгар дахь Бачо Киро агуйгаас илрүүлсэн шүд ба булшны хэлтэрхий дээр үндэслэсэн бол нөгөөдөх нь Nature Ecology and Evolution2-д хэвлэгдсэн бөгөөд Чех улсад байрлах Zlatý kůň гэгддэг агуйгаас илрүүлсэн бараг бүтэн гавлын ясыг судалж байна.
Бачо Киро агуйн 42600-45900 жилийн хооронд амьдарч байсан эртний гурван хүн гурвуулаа харьцангуй сүүлийн үеийн удмын неандерталь өвгөөс гаралтай байсан гэж молекул биологич Матежа Хаждинжак, хувьслын генетикч Сванте Пябо удирлагчтай Германы Лейпциг хотын Макс Планкийн Хувьсал Антропологийн Институт (MPI – EVA)-ийн баг тайлагнажээ. Орчин үеийн Африк гаралтай биш хүмүүсийн геномын ихэвчлэн 2% нь Неандерталь өвгөөс гаралтай байдаг бол Бачо Киро хүмүүсийн хувьд түүнээс арай илүү 3.4-3.8% нь Неандерталь өвгөөс гаралтай байсан бөгөөд үеэс үед богиносдог хромосомын хэсгүүд мэдэгдэхүйц урт байжээ.
Эдгээр сегментийг хэмжсэнээр судлаачид Бачо Киро агуйн хүмүүсийн сүүлийн 6 эсвэл 7-р үе удамд ойрхи дорнодод биш Европоос гаралтай Неандерталь өвөг байсан гэж тогтоожээ. “Бид эдгээр асар том хэсгүүдийг харсан. Энэ бол үнэхээр гайхалтай байсан “гэж Oase-аас олдсон хүний геномын ижил хэв шинжийг тогтоож байсан багийн гишүүн асан, Лондон дахь Фрэнсис Крикийн хүрээлэнд ажилладаг Хаджинджак хэлжээ. “Тэднийг дахин олох ямар боломж байна вэ?”
Zlatý kůň агуйн эмэгтэйн хувьд Неандерталь удам угсаа нь нэлээд эртнээс улбаатай: 70-80 үе удам эсвэл магадгүй 2000-3000 жилийн өмнөөс гэж судалгааг хамтран удирдсан MPI-EVA-ийн палеогенетикч Иоханнес Краузе хэлжээ. Түүний баг гавлын ясны бохирдлоос шалтгаалаад түүний насыг оновчтой тогтоож чадаагүй байна. Гэхдээ түүний Неандерталийн удам угсааны гарал дээр үндэслэн түүнийг 45000 гаруй жилийн настай бөгөөд Бако Кирогаас олдсон эртний олдвортой ойролцоо настай гэж таамаглаж байна. “Бид одоо хамгийн эртний хүний геномтой боллоо” гэж Хаждинжак нэмж хэлэв.
Удам угсааг судлахад
Бако Кирогаас олдсон эртний хүмүүс болон Zlatý kůň агуйн эмэгтэй нар нь угсаа гарлын хувьд эртний болон орчин үеийн Европчуудтай холбоогүй байсан тул тэдгээрийн удам угсаа нь тухайн бүс нутгаас алга болсон гэсэн үг юм. Гэсэн хэдий ч Хаждинжак болон түүний хамтран ажиллагсад Бако Кирогаас олдсон эртний хүмүүс орчин үеийн Зүүн Ази хүмүүстэй мөн Америкийн уугуул иргэдтэй холбоо хамааралтай байгааг олж мэдсэн нь гайхмаар юм. Хаждинжак Бачо Кирогоос олдсон эртний хүмүүсийн үлдэгдэл нь урьд өмнө Евразийг дамнан амьдарч байсан боловч Европоос алга болж, Азид амьдарч байсан хүн амыг төлөөлж байна гэсэн таамаглал дэвшүүлсэн.
Нидерландын Лейдений их сургуулийн археологич Мари Сорессийн хэлсэнээр Бачо Кирогоос олдсон хэд хэдэн хүн Неандертальчуудтай удам төрлийн холбоотой байснаас үүдэн Европ тивд овог, бүлүүд тогтмол холилддог байсан гэх таамаглал дэвшүүлж Европын археологийн судалгааг энэ чиглэлээр хийхээр төлөвлөж байна. Анхны дээд палеолитын үед түгээмэл хэрэглэгддэг чулуун багаж хэрэгсэл болон бусад олдворууд нь Неандерталь болон дараа удмын хүмүүсийн багаж хэрэгслээс ялгаатай байгаа нь соёлын солилцоо, тэр байтугай хүн амын популяци хоорондоо холилддог байсан байж болохыг илтгэж байна. “Бид түүхэн үйл явц ямар байсан, юу болсон, тэдгээр уулзалтууд хэр тайван явагдсаныг бид илүү сайн мэдэхийг хүсч байна”
Nature 592, 339 (2021)
doi: https://doi.org/10.1038/d41586-021-00916-0
Ишлэл
Hajdinjak, M. et al. Nature https://doi.org/10.1038/s41586-021-03335-3 (2021).
Prüfer, K. et al. Nature Ecol. Evol. https://doi.org/10.1038/s41559-021-01443-x (2021).
Fu, Q. et al. Nature 524, 216–219 (2015).
Мэдээг бэлтгэсэн: Генетикийн лаборатори