Шатахууны үнэ өсөхгүй гэж Ашигт малтмал газрын тосны газрын орлогч дарга Ц.Эрдэнэбаяр мэдэгдлээ. Тэрбээр “Өнөөдөр Уул уурхай, хүнд үйлдвэрийн яам болон АМГТГ-т холбогдох компани, холбоодын зүгээс бензиний үнийг нэмэх талаар албан тоот ирүүлсэн. Олон нийтийн сүлжээнд тараад буй 600 хүртэл төгрөгөөр үнэ нэмэгдэх асуудал байхгүй.
Нэгдүгээрт, 2021 оны гуравдугаар сарын 24-ний өдрийн Засгийн газрын тогтоолоор А92 бензиний нөөцийг 30 мянган тонноор нэмэгдүүлэх шийдвэр гарсан. Өмнө нь А92 бензин 28 орчин мянган тн нөөцтэй байсныг 10 гаруй хувиар нэмэгдүүлэх арга хэмжээ авч ажилласан. 2020 оны аравдугаар сараас хойш дэлхийн зах зээлд газрын тосны үнэ өсөлттэй явж байгаа. Өнгөрсөн тавдугаар сараас хойш өнөөдрийг хүртэлх хугацаанд А92 авто бензин 1450 төгрөгөөр зах зээлд нийлүүлэгдэж байгаа. Тиймээс маргаашаас бензин 600 төгрөгөөр нэмэгдэнэ гэдэг нь ташаа мэдээлэл” гэв.
-Хэрвээ аж ахуй нэгжүүд тодорхой хэмжээнд үнэ өсгөвөл ямар арга хэмжээ авах вэ?
-Хэрвээ аж ахуй нэгжүүд тодорхой хэмжээнд үнийн өсөлт явуулбал Газрын тосны бүтээгдэхүүний тухай хуулийн 5.2.2 дахь заалтын дагуу Тусгай зөвшөөрлийг түдгэлзүүлэх хэмжээний арга хэмжээ авна. Гэхдээ аж ахуй нэгжүүд нийгмийн хариуцлагын хүрээнд төр засгийн шийдвэртэй хамтарч ажиллаж байдаг. Өнгөрсөн хугацаанд дэлхийн зах зээл дээр газрын тосны үнэ нэмэгдсэн ч гэсэн төр засагтайгаар хамтарч, үнийн өсөлт явуулахгүй өнөөдрийг хүрсэн байгаа” хэмээв.
Б.Ирээдүй