“Токио-2020“ олимпын эрхийн оноо олгох “Будапешт-2021” насанд хүрэгчдийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээн /ДАШТ/-ий эхний өдөр эрэгтэй 60 кг, эмэгтэй 48 кг жингийн барилдаанууд үргэлжилж байна.
Эрэгтэйчүүдийн 60 кг-д 46 жүдоч хүч үзэхээр ирсэн. Залуучуудын ДАШТ-ий хүрэл медальт, “Женко” клуб, “Нью Ариг Ус” компанийн тамирчин Л.Өнөболд эхний даваанд 2018 оны Европын залуучуудын аварга Украины Дилшот Халматовыг ялснаар АНУ-ын Адонис Диаз, Экваторын жүдочдыг дараалан цэвэр ялсан юм. Харин 4 дүгээр тойрогт Казахстаны тамирчин Киргизбает ялагдаж, дагах барилдаан хийхээр болов.
Харин эмэгтэйчүүдийн 48 кг-д Хөдөлмөрийн баатар, гавьяат тамирчин, “Хүч” спорт хороо, “Хайбрид Хаус” компанийн тамирчин М.Уранцэцэг эхний тойрогт гоц мөргөж, хоёрын даваанд БНСУ-ын О Ён-Жүтэй учраа таарч цэвэр яллаа. Дараагийн тойрогт Казахстаны тамирчин Г.Отгонцэцэгтэй барилдана.
Харин “Алдар” спорт хороо, “Түмэн шувуут” компанийн тамирчин ОУХМ Г.Наранцэцэг эхний тойрогтоо Сербийн Милица Николичтэй учраа таарч торгуулиар ялагдлаа.