Ихэнх нутгаар цаг агаар 30-35 хэм хүртэл халж, бүгчим халуун байгаатай холбоотойгоор иргэд гол ус бараадан амарч зугаалах нь их болсон. Ингэхдээ санамсар болгоомж алдсаны улмаас усанд осолдох, амь насаа алдах тохиолдол сүүлийн өдрүүдэд нэмэгдэх хандлагатай байна.
Он гарсаар 12 аймгийн 26 сум, нийслэлийн 4 дүүрэгт нийт 38 удаагийн усны осол гарч, 44 хүн амь насаа алдсан байна. Үүнээс 10 хүүхэд, 34 нь насанд хүрэгсэд байгаа юм. Түүнчлэн иргэдийн санамсар болгоомжгүй байдал, бага насны хүүхдийг хараа хяналтгүй орхисноос, согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ гол усанд орох зэрэг шалтгаанаар гол усны осол гарч байна.
Тиймээс хэт халуун өдрүүд үргэлжилж байгаа болон амралт, аялал зугаалгын улирал эхэлсэнтэй холбогдуулан иргэд та бүхэн амралт, чөлөөт цагаа өнгөрүүлэхдээ гол, усны ойролцоо амарч зугаалахгүй байх, бага насны хүүхдэд тавих хараа, хяналтаа сайжруулах, голын эрэг дагуу хүүхдийг явуулахгүй, тоглуулахгүй байх, тээврийн хэрэгслийн жолооч нар баталгаатай зам, гүүрээр зорчиж гол усанд унах, осолдох эрсдэлээс урьдчилан сэргийлнэ үү.
ОБЕГ