Манай улс зах зээлд шилжсэнээс хойш аж ахуйн нэгжүүдэд жилийн 3 хувийн хүүтэй буюу нэн хөнгөлөлттэй зээлийг банкны системээр дамжуулан анх удаа олгож байна. Зээлийн эх үүсвэрийг банкууд өөрсдөө гаргаж байгаа тул зарим эрсдэлээс хамгаалах шалгуур тавьдаг. Гэхдээ энэ шалгуур ковид гарахаас өмнө буюу эдийн засаг хэвийн байсан үеийнхтэй харьцуулшгүй. Шалгуур, үзүүлэлт буурсан.
Зээл олголтыг хурдасгаж, хүртээмжийг нэмэгдүүлэхийн тулд банкны шалгуурыг үе шаттай бууруулах талаар Сангийн яам, Монголбанктай хамтран арилжааны банкуудтай хэлэлцээ хийж байна. Энэ дагуу зарим банк зээлийн шалгуураа буулгасан. Тодруулбал, хувь хүн зээл авахын тулд сүүлийн 6 сар тасралтгүй бизнес эрхэлсэн байх шалгуурыг зөөлрүүлж, тасралтгүй гэснийг “цар тахлын үед зургаа хүртэл сарын хугацаанд бизнесээ явуулаагүй байж болно” хэмээн өөрчилсөн. Мөн орлогыг нь нотлохдоо эдийн засаг хэвийн буюу 2019 оны орлогоор нь тооцож байна.
Зээлийн найдваргүй түүхтэй бол түүнийг нь харгалзалгүй зөвхөн зээлээ барагдуулж үлдэгдэлгүй байх гэх зэргээр аль болох уян хатан зохицуулалт хийж байна.
Гурван хувийн буюу бага хүүтэй энэ зээлийн онцлог нь хүүгийн хөнгөлөлтийг (зээл тус бүрийн 6 хувийн хүүг) төсвөөс арилжааны банкуудад олгож байна. Харин банк өөрийн эх үүсвэрээр зээл олгож, эдийн засаг дахь мөнгөний урсгалыг нь нэмж байгаа юм. Жил гаруй хугацаанд идэвхгүй байсан эдийн засагт ажлын байрыг хамгаалах бага хүүтэй зээл, репо санхүүжилт, ипотекийн зээлийн сувгийг нээснээр идэвхжлийг эрс нэмэгдүүлжээ.
Жилийн 3 хувийн хүүтэй, ажлын байрыг дэмжих зээлд 589 тэрбум төгрөгийн санхүүжилтийг 8,491 зээлдэгчид олгон, 22,389 ажлын байрыг хадгалжээ.
Арван их наядын цогц төлөвлөгөөний хоёр их наяд төгрөгийг энэ зээлд зориулна. Энэ зорилтыг амжилттай хэрэгжүүлснээр нийт 120,000 ажлын байрыг хадгалах бололцоотой.
Ажлын байрыг дэмжих зээлийг аж ахуйн нэгжээс гадна иргэд авч байна гэж Сангийн яамнаас мэдээлэв.