Ховд аймгийн Буянт сумын Өгөөмөр багийн “Хөх булан” гэдэг газар /аймгийн төвөөс зүүн зүгт 15 км-т, сумын төвөөс баруун урд зүгт 10 км-т/ барьж буй барилгын багана, таазны хэсэг нурж, барилгын хийцэд хүн дарагджээ. Дуудлагыг 05.03 өдрийн 20:43 цагт хүлээн авсан байна.
Тус аймгийн Онцгой байдлын газрын Эрэн хайх, аврах ангийн алба хаагчид 15 км зам туулан, 21:30 цагт очиход 20х30 метрийн хэмжээтэй, цутгалтаа хийж байсан нэг давхар цементийн үйлдвэрийн барилгын тулгуур багана, таазны хэсэг нурж, ажилтан Г/25 настай, эрэгтэй/, Б/31 настай, эрэгтэй/, Э /25 настай, эрэгтэй/, Г /22 настай, эрэгтэй/, Т /51 настай, эрэгтэй/ нар барилгын хийцэд дарагдаж, бэртжээ. Тэднийг тухайн байгууллагын ажилтан нар эсэн мэнд гарган, Баруун бүсийн оношилгоо эмчилгээний төвд хүргэсэн байсан. Бэртсэн 4 хүний биеийн байдал хэвийн, нэг хүний биеийн байдал хүндэвтэр, эрүүл мэндийн төвд үзлэг оношилгоо хийж байна.
Тухайн барилгын үйл ажиллагааг зогсоож, битүүлжилсэн. Өнөөдөр аймгаас ажлын хэсэг очиж ажиллана гэж Онцгой байдлын ерөнхий газраас мэдээлэв.